COVID – 19: Вирусээс болж цуцлагдсан томоохон тэмцээнүүд

1889

“Юта Жазз” багийн төвийн тоглогч Руди Гобероос корона вирус илэрсэнтэй холбоотойгоор Америкийн мэргэжлийн спортуудаас NBA хамгийн түрүүнд лигээ цуцалсан билээ.

Тэдний араас NHL, MLB, MLS гэх зэрэг олон алдартай лигүүд хаалгаа барьсан юм. Одоогоор нөхцөл байдлыг хэр удаан үргэлжлэхийг хэн ч хэлж мэдэхгүй, ямартай ч 30 хоног лигүүд болохгүй нь тодорхой болсон юм.

Ингээд корона вирус мэргэжлийн спортуудад ямар нөлөө үзүүлж байгааг дэлгэрэнгүй тайлбарлая.


NBA

Тоглогчдоос корона вирус илэрсэн тул лиг хамгийн багадаа 30 хоногоор цуцлагдсан. Энэ хугацаанд байдлыг ажиглаад улирлыг цаашид үргэлжлүүлэх эсэхээ шийдэх юм. Хэрвээ улирлыг цуцалвал лиг зөвхөн тасалбар болон тоглолттой холбоотой бусад орлогоос 500 сая ам.доллар алдана. Ивээн тэтгэгч, телевизийн гэрээг оруулаад нэг тэрбум “ногоон” давах тоо гарах аж. Түүнчлэн плэй-оффын тоглолтууд болохгүй бол лиг бүр ч их алдагдал хүлээх нь ойлгомжтой. Учир нь хасагдах шатанд тасалбарын үнэ өсч, телевизийн гэрээгээр лигт оногдох мөнгөний хувь өсдөг.


NHL

Ихэнх NHL-ийн багууд NBA-гийн ордонд тоглолт хийдэг. Тодруулбал, тоглогчдын хувцас солих өрөөг дундаа ашигладаг гэсэн үг. Тиймээс NBA-д корона илэрсэн нь тус лигт ч бас аюулын дохио болсон юм. Лигийн комиссар Гари Бэттмэн эхэндээ лиг цуцлах талаар ямар нэг шийдвэр гаргах бодолгүй байсан ч тамирчдынхаа аюулгүй байдлын үүднээс арга хэмжээ авах шаардлага тулгарсан юм. NBA-д илэрхээс өмнө лигийн зарим багууд үзэгчгүй тоглох бэлтгэлээ хангаж байсан билээ.


MLB

Америкийн бэйсболын дээд лиг MLB-гийн шинэ улирал эхлэх цаг ойртсон. Харамсалтай нь, гайт вирусын уршгаар улирлын өмнөх бүх тоглолтыг цуцалж, шинэ улирал нээлтээ хийх хугацаа тодорхойгүй болсон юм. Ямартай ч төлөвлөсөн хугацаанаас хоёр долоо хоногоор хойшлуулсан гэдгээ лигийн удирдлагууд зарласан.


NFL

Америк хөлбөмбөгийн лигийн шинэ тоглогчдыг элсүүлэх драфт ирэх дөрөвдүгээр сарын 23-25-нд болно. Зугаа цэнгэлийн нийслэл Лас-Вегаст болохоор төлөвлөсөн энэ арга хэмжээний үеэр үзэгчид, зочдын тоо эрс багасах төлөвтэй. Өнгөрсөн жил Нэшвилл хотод болсон драфтаар 600 мянган хүн цуглаж, рекорд тогтоож байв. Улмаар зохион байгуулагчид 224 сая ам.долларын ашиг олсон тооцоо гарчээ. Лигийн зүгээс гуравдугаар сарын 29-нд удирдлагууд дөрөв хоногийн турш уулзах хэлэлцээр цуцлагдсан. Түүнчлэн тавдугаар сар хүртэл ямар нэг арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон юм.


NCAA

NCAA буюу оюутны сагсан бөмбөгийн Ерөнхийлөгч Марк Эммарт лигийн шувтаргын тоглолтыг зөвхөн гэр бүл, багийн ажилчид гэсэн цөөн тооны үзэгчидтэй явуулах шийдвэр гаргаснаас 24 цагийн дараа шийдвэрээ өөрчилж, бүр цуцлах арга хэмжээг авсан. Оюутны лигээс зөвхөн сагсан бөмбөг гэлтгүй бэйсбол, хоккей, лакросс, чөлөөт бөх гээд 20 гаруй төрлийн тэмцээнийг хойшлуулжээ.

NCAA 2016 онд CBS болон Turner Sports-той найман жилийн хугацаанд 8.8 тэрбум ам.доллар авах гэрээг байгуулсан. Өнгөрсөн жил гэхэд “March Madness” буюу гуравдугаар сарын галзуурлаар 933 сая ам.долларын ашиг олсон байдаг.


MLS

Лигийн удирдлагууд үүссэн нөхцөл байдлыг мөн 30 хоног харахаар болсон юм. MLS-ийн лиг өнгөрсөн хоёрдугаар сард эхэлсэн. Энэ лиг телевизийн гэрээгээр жилд 90 сая ам.долларын орлого олдог аж.


Гольф

PGA холбооноос 15 сая ам.долларын шагналын сантай “The Players Championship” тэмцээнийг цуцалсан. Зөвхөн тус тэмцээнээс 150 сая ам.долларын ашиг олдог боловч цаашид үргэлжлүүлвэл үзэгчидгүй хийхээр төлөвлөж байв. Харамсалтай нь, нөхцөл байдал хүндэрсэн тул цуцлах арга хэмжээ авчээ. Ганц энэ тэмцээнд ч бус ирэх гурван долоо хоногт болох бүх тэмцээнийг цуцалсан юм.


Теннис

ATP-гаас зургаан долоо хоногийн турш ямар нэг тэмцээн зохион байгуулахаас татгалзсан. Дөрөвдүгээр сарын 20 хүртэл үргэлжлэх энэ хоригийн улмаас Майамигийн нээлттэй тэмцээн, Хьюстонд болох шороон талбайн Америкийн АШТ, Хассан II-ын нэрэмжит Гран При, Монте Карлогийн Мастерс, Барселона болон Унгарын нээлттэй тэмцээн цуцлагдлаа. WTA-гийн зүгээс ч ижил арга хэмжээ авсан юм.


Олимп

Олимпын бамбар асаах ёслол Грект болсон. Гэхдээ уг арга хэмжээг үзэгчгүй зохион байгуулжээ. Ирэх долдугаар сарын 24-нд нээлтээ хийх Токиогийн олимпыг хугацаанд нь зохион байгуулахаар Олимпын сайд Сэйко Хашимото тэргүүтэй зохион байгуулагчид шаргуу ажиллаж байгаа юм. Токиогийн олимпын зар сурталчилгаагаар хэдийнэ 1.25 тэрбум ам.долларын ашиг олсон. Олимп зохион байгуулах үеэр зөвхөн энэ ашиг гурван тэрбумд хүрнэ гэж тооцсон нь өмнөх зуны олимпын орлогоос гурав дахин их гэсэн тооцоог гаргасан билээ.


UFC

Бразилын Бразилиа хотод болох UFC Fight Night 170 тэмцээнийг үзэгчгүй зохион байгуулахаар болсон. Харин Английн Лондон болон АНУ-д болох дараагийн тулаан одоогоор тодорхойгүй нөхцөлд оржээ. Тодруулбал, ирэх дөрөвдүгээр сарын 18-нд Хабиб Нурмагомедов, Тони Фергюсон нарын тулаан олны анхаарлыг татаж буй. Гэхдээ энэ тулаан болох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.