Канадын Ванкувер хотод уран гулгалтын Гран При тэмцээний шигшээ эхэллээ. Эрэгтэй шилдэг зургаа, эмэгтэй шилдэг зургаан тамирчин эрхээ авсан тус тэмцээний богино үзүүлбэрийн төрөл өрнөсөн юм.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлэх магадлалтай гэгдэж байсан олимпийн аварга, ОХУ-ын Алина Загитова Японы тамирчин Рика Кихирагийн ард бичигдлээ. 16 настай япон охин бүх үзүүлбэрээ амжилттай гүйцэтгээд богино үзүүлбэрт 82.51 оноо авч, А.Загитовагийн тогтоосон өмнөх дээд амжилтыг 1.73 оноогоор ахиулжээ. “Самбар дээр өөрийнхөө оноог хараад нүдэндээ итгээгүй. Дэлхийн рекорд шинэчлэх тухай төсөөлж байсангүй” гэж Р.Кихира сэтгүүлчдэд ярьсан юм.
Рика хувийн дээд амжилтаа 10 оноогоор ахиулж, А.Загитовагаас ойролцоогоор таван оноогоор холдсон. Харин гуравдугаарт бичигдэж байгаа ОХУ-ын Елизавета Туктамышевагаас даруй 12 оноогоор илүү гарчээ.
ЭМЭГТЭЙ БОГИНО ҮЗҮҮЛБЭРИЙН ДҮН:
- Рика Кихира – Япон – 82.51 оноо
- Алина Загитова – ОХУ – 77.93
- Елизавета Туктамышева – ОХУ – 70.65
- Каори Сакамото – Япон – 70.23
- София Самодурова – ОХУ – 68.24
- Сатоко Мияахара – Япон – 67.52