Бизнес: Тэмцээний шагнал 65 хувиар буурсан учир теннисчид оролцохоос татгалзав

1080

Чансааны 1000 оноо олгодог, нэр хүндтэй Майамигийн нээлттэй тэмцээнд энэ жил олон одод оролцохоос татгалзсан юм. Эмэгтэйчүүдийн ангилалд түрүүлэх тамирчдын тоонд толгой цохидог Серена Уильямс гэртээ болох тэмцээнд оролцож чадахгүй болсноо мэдэгдсэн билээ.

Флорида мужид болдог тус тэмцээнд найман удаа түрүүлсэн Серена Уильямс сугалаа болохоос хэдхэн цагийн өмнө нэрээ татсан юм. Цар тахлын хөл хориотой холбоотойгоор бэлтгэлээ өндөр төвшинд хийж чадаагүй, бэртэл нь бүрэн эдгэрээгүй гэх тайлбарыг нэрт тамирчин өгсөн. Америк бүсгүй амны хагалгаанд орсон тул тус тэмцээнийг өнжсөн билээ.

Гэхдээ нэр хүнд, цар хүрээгээрээ Их Дуулгын дараа орох тус тэмцээнд оролцоогүй тамирчин нь тэр ганцаараа биш. Эрэгтэйчүүдийн дэлхийн чансааг тэргүүлж буй Сербийн Новак Жокович, Испанийн Рафаэль Надаль болон Швейцарийн Рожер Федерер зэрэг томчууд уг тэмцээнийг тоосонгүй.

Тэд бүгд хувийн шалтгаантай. Р.Федерер удаан хугацааны гэмтлийн дараа эргэн ирсэн ч бэлтгэл сайн хийх шаардлагатай байгаа тул дахин завсарлага авсан бол Р.Надаль шорооны улиралд илүү анхаарал хандуулахаар шийдсэн.

Харин Н.Жокович ковидын хорио цээр болон гэр бүлдээ цаг гаргах шаардлагатай байгаа тул Америкийг зориогүй аж.

Франц теннисчин Бенойт Пайр уг тэмцээнийг өнжсөн шалтгаанаа шагналын сан буурсантай холбож тайлбарласан юм. Майамигийн нээлттэй тэмцээний шагналын сан 2019 онтой харьцуулахад 65 хувиар буурсан юм. Хоёр жилийн өмнө тус тэмцээнд оролцогчид 18 сая ам.долларыг хуваан хүртдэг байсан бол энэ жил ердөө 6.6 сая “ногоон” авна. Тодруулбал, эрэгтэй болон эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлсэн Р.Федерер, Э.Барти нар тус бүр 1.3 сая ам.доллароор түрүүвчээ зузаатгаж байв. Тэгвэл энэ жилийн ялагч нь 300 мянгаар байлуулна.

Үүнээс гадна тэмцээн болж буй Майами хот цар тахлын голомт болоод буй нь тамирчдыг үргээв. Ойролцоогоор 2 сая хүн халдвар авч, 32 мянган иргэн цар тахлын улмаас өөд болжээ.

Гай газар доороос гэгчээр хаврын баяр тэмдэглэхээр иргэд олноороо цугларсан нь хотын удирдлагуудын санааг чилээж буй юм. Сүүлийн үеэс буурах хандлагатай байсан цар тахлын хэмжээ энэ үйл явцын нөлөөгөөр эрс нэмэгдэх вий гэж тэд санаа зовниж байна. Томоохон цугларалтыг зогсоох зорилгоор хотод хөл хорио тогтоож байгаа ч түүнийг зөрчсөн 1000 гаруй иргэнийг баривчлан саатуулсан юм.

Хөлчүүрхсэн иргэд маск зүүх нь байтугай хүн хоорондын зай барих шаардлагыг хангахгүй, хоорондоо маргалдах нь ихэссэн тул хууль сахиулагчид арга буюу саатуулах арга хэмжээ авчээ.