Ц.Цогтбаатар Их Дуулга тэмцээнд гурав түрүүлсэн Монголын хоёр дахь жүдоч

1210

Гүржийн Тбилиси хотод болж буй жүдо бөхийн Их Дуулга тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 73 кг-д Ц.Цогтбаатар түрүүллээ.

Хоёр долоо хоногийн өмнө Ташкентийн Их Дуулгад түрүүлсэн Ц.Цогтбаатар Тбилисид амжилтаа давтав. Ингэснээр Цогтоо Их Дуулга тэмцээнд гурав ба түүнээс дээш алт авсан Монголын хоёр дахь жүдоч болсон юм.

Өдгөө 25 настай Ц.Цогтбаатар гурван жилийн өмнө Экатеринбургийн Их Дуулгад түрүүлж байв. Дараа жил нь Парисын Их Дуулгад финалдсанг эс тооцвол дахин шигшээд тунаж үлдээгүй удсан ч Узбекистанд түрүүлсэн билээ.

Манай жүдочдоос Их Дуулга тэмцээнд хамгийн олон түрүүлсэн хүн бол М.Уранцэцэг. Тэрбээр Тбилисигийн эхний өдөр долоо дахь алтаа авч, рекорд амжилтаа нэгээр ахиулсан. Түүний араас Ц.Цогтбаатар гурван алттай бичигдэж байна.

Олон улсын жүдо бөхийн холбооноос (IJF) цуврал тэмцээн зохион байгуулж эхэлсэн 2009 оноос хойш Их Дуулга тэмцээнд нийт 15 монгол жүдоч алтан медаль авч байв. Тэдний долоо нь хос түрүү авч байсан бол гурав түрүүлсэн эрэгтэй жүдоч хараахан тодроогүй байлаа.

Харин нийт медалийнхаа тоогоор Цогтоо гуравдугаарт жагсаж байна. Тэрбээр гурван алт, хошой мөнгө, гурван хүрэл медаль авсан үзүүлэлтээр Х.Цагаанбаатар, Д.Амартүвшин нарын хамт (медалийн чанараар жагсаавал дээр нь гарна) бичигдэнэ.

Нийт медалийнхаа тоогоор М.Уранцэцэг (18), Д.Сумъяа (11) тэргүүлдэг аж.