Токио-2020 олимпын эрхээ аваад буй тамирчид

1208

Хүн төрөлхтөний баяр цэнгэл болсон зуны спортын XXXII дугаар их наадам хаяанд ирлээ. Дэлхий дахиныг нөмөрсөн цар тахлын улмаас нэг жил хойшлоод байсан олимпийн наадам ирэх 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 8-ны өдрүүдэд Токио хотод зохион байгуулагдах юм. Энэхүү өдрүүдэд 33 спортын  50 төрлөөр нийт 339 үйл ажиллагаа явагдахаар төлөвлөгджээ. Одоогоор манай улс 21 эрхийг аваад байгаа юм.

Хөнгөн атлетик:

  • Баярцогтын Мөнхзаяа (эмэгтэй, марафон)

Эрх авсан тэмцээн: Олон улсын Хонгконгын марафоны VI байрт орж эрхээ авсан.

  • Цэвээнравдангийн Бямбажав (эрэгтэй, марафон)

Эрх авсан тэмцээн: 64 дэх удаагийн “Беппу-Ойта” олон улсын марафонд V байр эзэлсэн.

  • Бат-Очирын Сэр-Од (эрэгтэй,  марафон)

Эрх авсан тэмцээн: 76 дахь удаагийн Японы хамгийн алдартай Бива нуурын марафоноос эрхээ авсан.

Байт харваа:

  • Баатархуягийн Отгонболд (эрэгтэй, байт харваа)

Эрх авсан тэмцээн: Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн.

3х3 сагсан бөмбөг:

  • 3х3-ын эмэгтэй шигшээ баг

Эрх авсан тэмцээн: Дэлхийн 3×3-ын холбоо чансааны эхний дөрвөн улсад Токиог зорих эрх олгохоор болж манай эрэгтэй эмэгтэй багууд болзолоо хангасан хэдий ч зохион байгуулагч Япон улс эрэгтэй багаа сонгосон учир манай эмэгтэй шигшээ эрхээ авсан.

Бокс:

  • Баатарсүхийн Чинзориг (эрэгтэй, 63 кг)

Эрх авсан тэмцээн: Ази, номхон далайн орнуудын эрх олгох тэмцээнээс хүрэл медаль хүртсэн.

  • Эрдэнэбаатарын Цэндбаатар (эрэгтэй,  57 кг)

Эрх авсан тэмцээн: Дэлхийн боксын холбооноос эрх олгосон.

  • Мөнхбатын Мягмаржаргал (эмэгтэй, 68 кг)

Эрх авсан тэмцээн: Дэлхийн боксын холбооноос эрх олгосон.

Чөлөөт бөх:

  • Соронзонболдын Батцэцэг ( эмэгтэй, 68 кг)

Эрх авсан тэмцээн: Нур-Султаны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, Токиогийн олимпын эрх авсан.

  • Төмөр-Очирын Тулга (эрэгтэй, 65 кг)

Эрх авсан тэмцээн: Нур-Султаны ДАШТ-д шагналт V байр эзэлсэн.

  • Цогт-Очирын Намуунцэцэг (эмэгтэй, 50 кг)

Эрх авсан тэмцээн: Олимпын эрх олгох Ази тивийн тэмцээнд мөнгөн медаль хүртсэн.

  • Бат-Очирын Болортуяа (эмэгтэй, 53 кг)

Эрх авсан тэмцээн: Олимпын эрх олгох Ази тивийн тэмцээнээс алтан медаль хүртэж, олимпын эрх авсан.

  • Болдсайханы Хонгорзул (эмэгтэй, 57 кг)

Эрх авсан тэмцээн: Олимпын эрх олгох Ази тивийн тэмцээнд алтан медаль хүртсэн.

  • Очирбатын Бурмаа (эмэгтэй, 76 кг)

Эрх авсан тэмцээн: Олимпын эрх олгох Ази тивийн тэмцээнд мөнгөн медаль хүртэж гурав дахь удаагаа эх орондоо олимпын эрх авчирсан.

  • Мөнхтөрийн Лхагвагэрэл (эрэгтэй, 125 кг)

Эрх авсан тэмцээн: Олимпийн эрх олгох Ази тивийн тэмцээнд мөнгөн медаль хүртсэнээр олимпын эрх авсан.

Шигтгээ: Чөлөөтийн олимпын эрхийг хүнд нь бус улсад нь олгодог тул шигшээ багийн багш, удирдлагуудын шийдвэрээр олимпод зодоглодог. Иймээс дээрх тамирчидаас өөр бөхчүүд энэ жинд олимпыг зорьж болно.

Буудлага:

  • Отрядын Гүндэгмаа (25 метрийн гар бууны дасгал)

Эрх авсан тэмцээн: Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн.

  • Цолмонбаатарын Анударь (10 метрийн хийн гар бууны дасгал)

Эрх авсан тэмцээн: Дэлхийн цомын тэмцээнд шагналт V байр эзэлсэн.

  • Оюунбатын Есүгэн (10 метрийн хийн гар бууны дасгал)

Эрх авсан тэмцээн: Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн.

  • Энхтайваны Даваахүү (хийн гар бууны 10 метрийн дасгал)

Эрх авсан тэмцээн: 2019 онд Дэлхийн цомын тэмцээнд V-р байр эзэлсэн.

Ширээний теннис:

  • Э.Лхагвасүрэн (эрэгтэй)

Эрх авсан тэмцээн: Олимпын эрх олгох Дохагийн тэмцээний Азийн бүсийн эрхийг авсан.

  • Батмөнхийн Болор-Эрдэнэ (эмэгтэй)

Эрх авсан тэмцээн: Олимпын эрх олгох Дохагийн тэмцээний Азийн бүсийн эрхийг авсан.

Манай тамирчдыг ирэх саруудад эрх олгох олон тэмцээн хүлээж буй бөгөөд энэ тоо цаашид улам өсөх нь дамжиггүй. “Токио-2020” олимпын наадмыг манай улсад 13 телевиз / C1, EAGLE NEWS TV, EDU TV, ETV, NTV, SBN, STAR TV, TM TV, TV5, TV8, TV9, UBS, VTV/ хамтран шууд дамжуулахаар болсон байна.