ОХУ-ын теннисчин Яна Сизиковаг саатуулжээ

1754

ОХУ-ын талбайн теннисчин Яна Сизиковаг Францын цагдаагийн газраас саатуулжээ. Хос төрөлд хүч үздэг Я.Сизиковаг өнгөрсөн жилийн Ролан Гаррос тэмцээний үеэр их тоглолтоо худалдсан гэж хууль сахиулагчид үзэж байгаа аж.

Одоо ид өрнөж буй Францын нээлттэй тэмцээний үеэр ОХУ-ын Яна Сизикова нутаг нэгт Экатерина Александроватай хамт нэг баг болсон юм. Тэд эхний шатанд Австралийн Ала Томьянович, Стром Сандерс нарт 6:1, 6:1-ээр дийлдсэн. Энэ тоглолтын дараагаар Францын цагдаагийнхан Яна Сизиковаг баривчлах тушаал авч, зочид буудлын өрөөнд нь саатуулжээ.

Түүнийг өнгөрсөн оны аравдугаар сард болсон Ролан Гаррос буюу Францын нээлттэй тэмцээний үеэр хос төрөлд будлиан тарьсан гэж үзэн баривчилсан байна. АНУ-ын теннисчин Мэдисон Брэнглтэй нэг баг болсон орос бүсгүй эхний шатанд Румыний теннисчид болох Андреа Митү, Патриша Мария Тиг нарт 7:6, 6:4-өөр дийлдсэн юм.

Уг тоглолтын хоёр дахь сетэд орос, америк бүсгүйчүүд өрсөлдөгчийнхөө давуулалтыг авч оноог 2:2-оор тэнцүүлсний дараа их хэмжээний мөнгө бетийн сайтуудаар эргэлдсэн нь хууль сахиулагчдын хараанаас мултарсангүй. Улмаар Я.Сизикова давуулалтаа алдаж ялагдах эхлэлээ тавьжээ.

ОХУ-ын “Тасс” агентлагийн мэдээлснээр Я.Сизикова баривчлагдаад удалгүй суллагдсан ч одоогоор хилээр гарч болох эсэх нь тодорхойгүй байгаа гэнэ. Хэрвээ түүнийг буруутай гэж үзвэл таван жил хүртэлх хугацаагаар хорих эсхүл 500 мянган еврогоор торгох хуультай аж. Орос бүсгүй өөрт нь тулгаж буй хэрэгт буруугүй гэж мэдээлэл хийсэн байна.

Я.Сизикова бол эмэгтэйчүүдийн хос төрөлд чансаагаар 101, ганцаарчилсан төрөлд 765-д жагсаж буй. Мэргэжлийн теннисчин болоод 11 жилийн хугацаанд 206 мянган ам.долларын урамшуулал авч байжээ.