Угандагийн тамирчин цагаачлах хүсэлтэй байгаагаа бичгээр мэдэгджээ

1346

Цар тахлын үед зохиогдож буй Токиогийн олимп эхнээсээ л дуулиан дагуулж эхэллээ. Угандагийн хүндийн өргөлтийн тамирчин Жулиус Секитолеко Японд ажиллах хүсэлтэй байгаагаа бичгээр мэдэгдээд зугтжээ. 20 настай Жулиус Осака мужийн Изумисано хотоос 200 км зайд орших Нагоя хот руу хурдан галт тэрэгний тасалбар худалдаж авсныг албаныхан тогтоосон юм.

Өнгөрсөн сард Японд ирсэн Угандагийн баг бүрэлдэхүүнээс хоёр хүн ковидын вирустай болох нь тогтоогдсон билээ. Ж.Секитолекогийн хувьд багийнх нь гишүүдээс олимпод оролцох боломжгүй болсон тохиолдолд орлох зорилгоор дасгалжуулагчийн хамт ирсэн ч энэ сарын 20-нд нутаг буцах хуваарьтай байсан аж. Тэрбээр нутаг буцах хүртлээ ПСР шинжилгээ өгөх ёстой байсан юм. Гэвч шинжилгээ өгөх өрөөнд ирээгүй тул зочид буудлынх нь өрөөг шалгатал бичиг үлдээгээд зугтсан болохыг тогтоожээ.

Жулиус Секитолеко

Ж.Секитолекогийн зугтсан байж болзошгүй гэх Нагоя хотод өнгөрсөн оны хүн амын тооллогоор 150 гаруй угандачууд амьдардаг аж.

“Токио 2020” олимпыг хорио цээрийн хатуу журмын дагуу зохион байгуулж буй. Цар тахлын халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор оролцогчдын хөдөлгөөнийг хязгаарлаж, зөвхөн зөвшөөрсөн газраар явах эрхтэй юм.