Хэн хожив?

1548

Ердөө 18 настай хэний ч сайн мэдэхгүй Грек хүүг Милоуки бакс баг 2013 оны драфтын 15-р сонголтоор авч байлаа. Тиймээ тэр хүүгийн тууштай хөдөлмөр, багтаа бас хотдоо үнэнч байдал түүнд таван жилийн 228 сая ам.долларын аварга гэрээг авчирч байсан нь саяхан. (Үлэмж Яаннисын аварга гэрээ)

Милоуки хот, бакс баг түүнд боломж олгосон, түүнд итгэсэн, түүнд хөрөнгө оруулсан. Хариулт нь…

• 2x NBA Үнэ цэнтэй тоглогч
• 5x NBA Бүх одод
• 3x All-NBA 1-р баг
• 2x All-NBA 2-р баг
• 2020 NBA Шилдэг хамгаалан тоглогч
• 3x All-NBA Хамгаалалтын 1-р баг
• 230 сая ам.долларын гэрээгээр зогсохгүй 50 оноо, 14 самбар, 5 хаалт гүйцэтгэж NBA Аваргын цом & Шигшээ тоглолтын шилдэг нь боллоо.
Домог айсуй.

Бакс багийн хөгжөөн дэмжигчид болон Милоуки хотынхонд баяр хүргэе. Ингээд эдийн засгийн хувьд өрнөлийг тайлбарлах гээд үзье. 2013 оноос өмнөх буюу Яаннисгүй үе, 2013 оноос хойш өнөөдрийг хүртэлх буюу Яаннистай үеийн харьцуулалтууд.

Милоуки бакс багийн үнэлгээ:

  • 2013: 312 сая ам.доллар
  • 2021: 1.86 тэрбум ам.доллар

NBA багуудын үнэлгээний өсөлт, 2013-2021:

  • NBA нэг багийн өсөлт дунджаар: +330%
  • Милоуки бакс багийн өсөлт: +500%

Мэдээж багийн эздийн оновчтой бизнес шийдэл 550 сая ам.долларын хөрөнгө оруулалттай шинэ ордон түүнийг дагасан зочлох үйлчилгээний бизнесүүд бүхийн төсөл, багийн амжилттай уялдсан телевизийн гэрээ зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн. Милоуки бакс багийн плэйоффын түүхийг сөхөөд үзвэл энэ бүхний үндэс Яаннис гээд хэлэхэд хэлсдэхгүй дүр зураг харагдана.

Милоуки бакс плэйоффт авсан хожил:

  • 2001-2013: 7 хожил
  • 2014-2021: 38 хожил + NBA аварга

Үүгээр зогсохгүй баксын орлого өндөр өсөлттэй байж, NBA-ийн хамгийн эрэлттэй таван багийн нэг болжээ. Илүү гайхалтай нь Яаннисын өмсгөлийн борлуулалт өнөөдөр NBA-д ноёлох болсон явдал юм.

Милоуки бакс талбайн үзэгчдийн тоо дунджаар:

  • 2013: 13,487
  • 2019: 17,602

Үзэгчдийн бааз суурь өснө гэдэг ивээн тэтгэлэг, тасалбарын орлого, нэрийн барааны борлуулалт гэхчлэн том хөшүүрэг болж өгдөг.

Эцэст нь хэлэхэд:

Зөвхөн багийн эзэд, тоглогчид тэр дундаа Яаннис мөнгө олоод, хожоод байгаа асуудал биш юм. Багийн Fiserv Forum ордон мужийн захиргааны мэдэлд байдаг буюу хотын оршин суугчид, татвар төлөгчдийн оролцоотой байдаг гэсэн үг. Харин багийн амжилт, зах зээлийн үнэлгээний өсөлт, түүнийг дагасан эдийн засгийн үр өгөөжийг тэд ч мөн хүртэж байгаа хэрэг юм.

Жишээ авахад: Баксийн плэйоффын нэг тоглолтын үр дүнд хотод 3 сая ам.долларын эргэлт бий болдог гэсэн тооцоо байна. Дэлгэрүүлбэл, 2500 орчим зочид буудлын өрөө, түүнтэй холбоотой 700 гаруй ажлын байр хөдөлдөг. Аваргын цувралд энэ дүр зураг илүү том байх нь гарцаагүй адаглаад аваргын тоглолтын футболк хэдэн арван мянгаар зарагдана.

Хэдийгээр цар тахалтай, цаг үе хэцүү байгаа ч өчигдөр аварга тодорсон тоглолтын үеэр ордон дотор болон ордны гадаа 80-100 мянган хүн цугласан тооцоо байна. Энэ нь Милоуки хотын нийт хүн амын 15% юм. Үнэхээр гайхалтай.

Дахин баяр хүргэе Яаннис, баяр хүргэе Милоукин хотынхонд. Харин та Милоуки хотынхонд атаархаж байна уу 😁?