Олимпийн хошой аварга Кайла Харрисон холимог тулаанаар хүч сорино

1342

Олимпийн хошой аварга, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальтай АНУ-ын жүдоч Кайла Харрисон их спортоо орхисон билээ. Гэхдээ энэ жил 28 нас хүрэх тамирчин бүсгүй маань холимог тулааны спортоор хичээллэж, шинэ спортод хөл тавьж буй бололтой.

К.Харрисон хоёр жилийн өмнө мэргэжлийн тулааны спортод ганц нэг тоглолт хийж байсан удаатай. Тэгвэл ирэх зургадугаар сарын 21-нд Чикаго хотын Чикаго театрт PFL-д анхны тулаанаа хийхээр төлөвлөжээ.

Жүдогийн төрлөөр АНУ-аас анхны олимпийн аварга болсон К.Харрисон энэ мөчийг олон жил хүлээсэн гэдгээ хэвлэлийнхэнд ярьжээ. Тэрбээр Риогийн олимпод аварга цолоо баталж, үүнийхээ дараа жүдогийн замналаа өндөрлөх шийдвэр гаргасан билээ. Энэ үедээ америк бүсгүй дөнгөж 25 настай байлаа.

Америк жүдочдоос холимог тулаан руу “урвасан” тохиолдол түүнээс өмнө цөөнгүй бий. Тэдгээрээс хамгийн өндөр амжилт гаргасан нь Бээжингийн олимпийн хүрэл медальт Ронда Роузи. Нэгэн үе эмэгтэй тулаанчдаас хамгийн өндөр амжилт гаргаж байсан Р.Роузи одоо WWE буюу бидний нэрлэдэгээр нохой зодооны төрлөөр хүч сорьж буй.

Харин К.Харрисон “American Top Team” багт бэлтгэлээ хийж байгаа аж.