2026 оны хөлбөмбөгийн ДАШТ Хойд Америкт болно

988

Олон улсын хөлбөмбөгийн холбоо хуралдаж, 2026 оны ДАШТ-ийг зохион байгуулагч улсыг зарлалаа. “United bid” буюу Хойд Америкийн гурвал болох Канад, АНУ, Мексикийн нутагт болохоор болов. Энэ нь хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд анх удаа гурван улс хамтарсан зохион байгуулалттай болох юм. Өмнө нь БНСУ болон Япон улс хамтдаа 2002 оны ДАШТ-ийг зохион байгуулж байв.

Хойд Америкийн гурвалтай нэр дэвшиж өрсөлдсөн улс бол хар тивийн Марокко. Одоогоос 8 жилийн өмнө Өмнөд Африкт хөлбөмбөгийн дэлхийн аварга зохиогдсон бол Хойд Америкт 1994 онд болсон түүхтэй.

2026 оны хөлбөмбөгийн ДАШТ түүхэнд содон бичигдэх нь тодорхой. Учир нь энэ тэмцээнээс оролцогчдын тоо нэмэгдэж, одоогийн 32 баг оролцдог систем 48 болж хувирна.

Мексик болон АНУ-ын баг бол дэлхийн аваргад тогтмол оролцдог улсын нэг. Харин ОХУ-д болох ДАШТ-д америкчууд оролцох эрхээ авч чадаагүй. Харин Канадын шигшээ багийн хувьд 1986 онд анх удаа орсоноос хойш урьдчилсан шатанд байнга бүдэрдэг юм.

Олон улсын хөлбөмбөгийн холбооны гишүүн 210 орноос 203 нь саналаа өгчээ.

Хойд Америкийн гурвалыг илүү аюулгүй зохион байгуулагч гэдгээр холбооны гишүүд саналаа өгсөн бол Марокко улс аюулгүй байдлын талаас хэд хэдэн асуудал байгаа гэж үзсэн аж.

Хойд Америкийн гурвал ялалт байгуулснаар 2026 оны ДАШТ нийт 16 цэнгэлдэхэд болох юм. Үүний ихэнх нь АНУ-д байрладаг. Харин Марокко улс 12 хотод 14 цэнгэлдэх ашиглахаар төлөвлөгөө гаргасан бөгөөд үүнд 16 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөв гарсан нь холбооныхонд таалагдаагүй бололтой.