Иран хэсгээ тэргүүлж, Уругвай хар түүхэндээ цэг тавив

1067




Уругвай 1:0 Египет

Гоол: Хосе Мариа Гименез


Уругвайчууд 1970 оноос хойш 48 жилийн турш 6 удаа ДАШТ-д оролцохдоо нээлтийн тоглолтод хожиж чадаагүй хар цувралдаа цэг тавилаа. Тэд гурав тэнцэж, гурав ялагдсан нь хамгаалагч Хосе Гименезийн сүүлийн минутад Египетийн хаалганд мөргөж гоол оруулснаар төгсөж, хэрэгтэй гурван оноогоо авлаа.

Сүүлийн минут хүртэл хамгаалалтдаа ноцтой алдаа гаргаагүй египетчүүд гол лидер Мохамед Салаг талбайд гаргасангүй. Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож, нас нэмсэн хэдий ч М.Сала гунигтай байгаа нь тодорхой. Тэр одоо эргэн ирж, талбайн эзэн Орос болон Саудын Арабыг заавал хожих хүнд даалгавартай хоцорлоо.




Иран 1:0 Марокко

Гоол: Азиз Бухаддуз (өөрийн хаалганд)


Энэ өдөр үргэжилсэн хоёр дахь тоглолт мөн л эцсийн мөчид шийдэгдэв. Ираны баг сүүлийн довтолгооноор чөлөөт цохилт хийх эрх авч, улмаар хаалганы урдуур дамжуулсан бөмбөгийг Мароккогийн Азиз Бухаддуз талбайгаас гаргах гэж оролдсон ч өөрийнхөө хаалганд гоолдож, багаа хөөдөв. Азиз Бухаддуз 77 дахь минутад сэлгээнээс талбайд гарсан юм. Ийнхүү Мароккогийн 18 тоглолт дараалан ялагдаагүй явсан бардам амжилтад Персийн арслангууд саад болов.

Иран улс 1998 оны ДАШТ-д АНУ-ыг 2:1-ээр хожиж, анхны ялалтаа авсан бол 20 жилийн дараа хоёр дахь хожлоо авлаа. Сонирхолтой нь, яг энэ дэлхийн аваргад Атласын арслангууд хамгийн сүүлд өөрийнхөө хаалганд гоолдож, Юссеф Чиппо багаа хөөдсөн түүхтэй. Энэ тоглолтод Норвегитэй 2:2-оор оноо хуваасан юм.