ДАШТ-д оролцож буй багуудын ХАМГИЙН ХАМГИЙН

1155

Цэнхэр дэлгэцээрээ алаг бөмбөгийн спорт шимтэн суугаа үзэгчдэд энэ мэдээлэл их сонирхолтой байх болов уу. ДАШТ-д оролцох нэг баг 23 тоглогчоо шигшээд дуудаж, Орос руу илгээсэн. Нийт 32 баг зургадугаар сарын 4-нд гэхэд эцсийн байдлаар багийн бүрэлдэхүүнээ зарласан юм. Ингээд нийт 736 тоглогчийн дунд зарим сонирхолтой баримтыг уншигчиддаа хүргэе.


Насны дундаж


Оросыг зорьсон 32 багаас Өмнөд болон Хойд Америкийн багууд хамгийн хөгшин нь. Тэднийг Коста Рика тэргүүлж, Мексик удаалж буй. Тоглогчдын насны дундаж хэдийнэ 29 давсан дөрвөн багийн үлдсэн хоёр нь Панам, Аргентин. Харин айргийн тавд Египетийн шигшээ баг багтжээ.

Хамгийн залуу шигшээгээр Нигерийн “Супер бүргэдүүд” тодорсон. Тэдний залуус дунджаар 25.9 настай. Франц, Англи, Тунис, Сербийн багийн дундаж нь 26 дотор байсан тул хамгийн залуу нь гэж онцолж болох юм.


Хамгийн залуу, бас ахмад тоглогчид


Египетийн хаалгач Эссам эль-Хадари талбайд гарвал энэ удаагийн ДАШТ төдийгүй бүх цаг үед хамгийн ахмад настан болно. Тэрбээр 45 настай юм. Харин хаалгачийг эс тооцвол хамгийн хөгшин тоглогч бол Мексикийн Рафаэль Маркес. 2002 оны ДАШТ-д тоглож байсан цор ганц тоглогч болоод буй Р.Маркес 39 настай.

ДАШТ-д өсвөр насны 7 тоглогч бий. Тэд бол Францын Кильян Мбаппе, Английн Трент Александр Арнолд, Мароккогийн Ашраф Хакими, Нигерийн Францис Узохо, Панамын Хосе Луис Родригес болон Моусса Вагуе нар. Харин хамгийн залуу нь Австралийн Даньел Арзани. Тэрбээр 1999 он болон түүнээс хойш төрсөн цор ганц тоглогч.


Клуб


Английн “Манчестер Сити” клубт данстай 16 тоглогч шигшээ багт дуудагдсан. Аргентиний шигшээд Николас Отаменди, Серхио Агуэро, Бельгид Винсент Компани, Кевин де Брюни, Бразилаас Габреаль Есүс, Данило, Фернандино, Эдерсон, нутгийн шигшээдээ Кайл Уолкер, Жон Стонес, Рахем Стерлинг, Фабиан Делф, Францдаа Бенжамин Менди, Германд Илкай Гюндоган, Португалд Бернандо Сильва, Испанид Давид Сильва нар бий.

Тэдний араас Испанийн “Реал Мадрид” 15, “Барселона” 14 тоглогч илгээжээ. Францын “ПСЖ”, Английн “Тоттенхэм”, “Челси” тус бүр 12, Германы “Бавари Мюнхен”, Италийн “Ювентус”, Английн “Манчестер Юнайтед” багаас тус бүр 11 тоглогч шигшээ багаа төлөөлж буй. Жагсаалтын эхний аравт Саудын Арабын “Аль-Хилал”, “Аль-Али”, Испанийн “Атлетико Мадрид” тус бүр 9 тоглогчтой.


Лиг


Английн Премьер лигт данстай 124 тоглогч Оросыг зорьсон юм. Нийт 32 багаас 26-д нь Английн лигт тоглодог хүн бий. Тиймээс Английн лигт тоглогчгүй багуудыг тоолвол Коста Рика, Иран, Панам, ОХУ, Саудын Араб болон Уругвай багтана. Бельгийн шигшээгийн 11 тоглогч Будант Албионд хөлбөмбөгөөр хоолоо олж иддэг гэдгээрээ бусад багийг тэргүүлсэн. Түүнчлэн Английн шигшээ багийн 23 тоглогч бүгд нутагтаа хүчин зүтгэдэг. Английн дараа Испанид зүтгэдэг 81, Германд тоглодог 67, Италид данстай 58 тоглогч бий. Саудын Арабын лигт тоглодог 30 тамирчин энэ удаагийн тэмцээнийг зорьсон бөгөөд лигтээ тоглодог 20 араб эрчүүд шигшээдээ дуудагдсан.


Хамгийн өндөр ба намхан багууд


Сербийн шигшээ багийн дундаж өндөр  186.69 гэдгээрээ бусад багаа тэргүүлжээ. Араас нь Дани (186.30), Герман (186), Швед (185.78), Исланд (185.5) удаалсан юм. Хамгийн намхан шигшээ баг бол Перу. Тус багийн дундаж өндөр 177.60 см. Тэдний араас Саудын Араб (177.70), Аргентин (178.4), Япон (178.8), Португал (179.7) намхан багт тооцогджээ.

Энэ удаагийн тэмцээнд хоёр метр давсан хоёр тоглогч бий. Хорватын хаалгач Ловре Калинич 201 см өндөртэй бол Данийн хамгаалагч Янник Вестергаард 200 см нуруутай. Аргентиний шигшээгийн хамгаалагч Федерико Фацио байгаагүй бол цагаан цэнхэрүүд хамгийн намхан баг болоход ойрхон байлаа. Энэ эр 199 см өндөртэй.

Харин Панамын хагас хамгаалагч Алберто Куинтеро, Саудын Арабын Аль Шерхи Яхья, Швейцарийн Жердан Шакири нар хамгийн намхан буюу  ижилхэн 165 см. Тэдний дараа Мексикийн жигүүрийн тоглогч Хавьер Акуино 166 см бол багийн хамтрагч Андрес Гуардадо 167 см гэнэ.


Хамгийн хүнд бас хөнгөн багууд


Данийн шигшээ баг энэ жагсаалтыг тэргүүлжээ. Даничууд дунджаар 82.60 кг жинтэй бол 80 кг ба түүнээс дээш гарсан Исланд, Серб, Нигери, Герман, Франц, Панамын баг бий. Хамгийн хөнгөн нь япончууд. Тэдний дундаж жин 71.52 кг. Араас нь Саудын Араб, Португал, Мексик, Коста Рика удаалжээ.

Панамын баатар Роман Торрес 99 кг гэдгээрээ хамгийн “тарган” тоглогчоор тодорсон бол түүний араас Английн Харри Кэйн,  Харри Магуэр, Данийн Янник Вестергаард, Саудын Арабын Алмуаиоф Абдулла нар 98 кг жинтэй. Гэхдээ Английн хөлбөмбөгийн холбооноос Х.Кэйнийг 98 кг жинтэй бус энэ нь алдаатай мэдээлэл гэж дараа нь залруулсан юм. Англи довтлогч 98 кг жинтэй бус 89 кг жинтэй гэж нотолсон аж.

БНСУ-ын довтлогч Шин Вүк Ким 97 кг жинтэй бөгөөд шигшээ багтаа хамгийн хүнд жинтэй нь. Сонирхуулахад, гуулин улсын шигшээгийн бусад тамирчид нь Шинээс даруй 15 кг-аар бага аж.

Нийт дундажаараа хамгийн хөнгөнд тооцогдох Японы шигшээд Такаши Инүи гэж 59 кг жинтэй өд шиг хөнгөнө тоглогч бий. Испанийн Ла лигийн “Реал Бетис” багт данстай япон шигшээдээ 21 тоглолт хийсэн юм.

Английн Жессе Лингард 60 кг жинтэй гэдгээрээ түүний ард жагссан билээ.