Луис Суаресын түүхэн тоглолт

1164

Уругвай 1:0 Саудын Араб

Гоол: Луис Суарес (23)

Тоглолтын шилдэг: Луис Суарес


Өнөөдөр шигшээ багтаа 100 дахь тоглолтоо хийж, ийм тоонд хүрсэн зургаа дахь тоглогчоор тодроод байсан Луис Суарес энэ тоглолтын цор ганц гоолыг оруулж, баатар гэдгээ дахин нотоллоо. ДАШТ-ий нээлтийн тоглолтод талбайн эзэн Орост 5:0-ээр хожигдож, эзэн хаанаасаа зэмлэл хүртсэн Саудын Арабчууд өмнөх тоглолтод гараанд гарсан ихэнх тоглогчоо, түүний дотор хаалгачаа хүртэл сэлгээнд суулгасан юм. Үр дүнд нь өмнөхөөсөө хавьгүй илүү тоглолт үзүүлсэн ч хамгаалалтын ганц алдаа нь Луис Суаресийг баатар болгосон.



Луис Суарес энэ гоолыг оруулснаар гурван ДАШТ-д дараалан гоол оруулсан анхны уругвай тоглогч болсон юм. Түүнчлэн тэрбээр ДАШТ-д нийт 10 тоглолтод оролцохдоо найман гоолд оролцож, үүнээс зургааг нь гоол болгосон бол хоёр гоолын дамжуулалт өгчээ.


  • Уругвай улс Саудын Арабыг 1:0-ээр ялснаар ОХУ, Уругвай шөвгийн 16-д шалгарч байна. Тэд хэсгийн сүүлийн тоглолтод хоорондоо таарч хэн нь хэсгээ тэргүүлэхээ шийднэ.
  • Саудын Арабын баг сүүлийн таван ДАШТ-ийхээ дөрөвт нь хэсгээсээ шалгарсангүй. Арабууд 1994 онд шөвгийн 16-д үлдэж байв.
  • Саудын Араб ДАШТ-ий сүүлийн 12 тоглолтод хожил авсангүй. Тэд хоёр тэнцэж, 10 хожигдсон бөгөөд үүнийхээ 9-т нь гоол оруулж чадаагүй аж.
  • Уругвай Азийн багуудтай ДАШТ-д дөрөв таарч, бүгдэд нь хожлоо.