VAR гэж юу вэ?

1946

Дэлхийн олон орон хөлбөмбөгөөр амьсгалж буй. Орос орон хөлбөмбөгийн ачаар дэлхий нийтийн анхааралд орж, хэдэн тэрбум хүний ярианы сэдэв энэ агуу спорт болж хувирсан. Гэхдээ энэ жилийн хувьд сая сая үзэгчид гайхалтай гоол, аймшигтай гэмтэл эсвэл итгэмээргүй ялалт, ялагдлын тухай яриагүй. Москвагаас Мельбурн хүртэлх сая сая хүний амнаас ердөө гуравхан үсэг бүхий үг гарч буй. Энэ бол VAR буюу Video Assistant Referee гэсэн англи үгний товчлол. Энэ төхөөрөмж их спортын хаан, хөлбөмбөгийн хамгийн том баяр цэнгэлийг хэрхэн өөрчилж байгаа талаар тэд ам уралдана ярьж байна.

Талбайн теннис, рагби, америк хөлбөмбөг сонирхдог спортын хөгжөөн дэмжигчдэд энэ технологи танил сонсогдож болох юм. Эдгээр спортод “Hawkeye”, “TMO” буюу Television Match Offical зэргээр өөрөөр нэрлэсэн видео бичлэг үзэх аргууд бий. Харин VAR бол хөлбөмбөгийн ДАШТ-д нэвтэрч буй шинэ технологи.

Ингээд уг төхөөрөмжийн талаар уншигчдад бага зэрэг ойлголт өгөх тустай нэгэн мэдээллийг бид бэлтгэлээ.


VAR гэж юу вэ?


Оросын 12 цэнгэлдэхэд хаана ч тоглолт болсон VAR-ын хянагч баг Москвагийн яг төв цэгт байдлыг хянаж байдаг. Зохион байгуулагчид “Лужники” цэнгэлдэхээс холгүйхэн тэднийг байрлуулсан юм. Хянагч багт нэг ахлагч шүүгч, гурван туслахын хамт 33 дэлгэцийг харах үүрэгтэй. Эдгээр 33 дэлгэцийн 12 нь удаашруулсан хөдөлгөөнийг харуулж байдаг аж. Түүнчлэн хоёр дэлгэцэнд отон тоглолтод орсон эсэхийг шалгах шугам байнга явах бол өөр нэг удаашруулсан дэлгэц гоол орох бүрт алдаа оноо байгаа эсэхийг нягталж харахад зориулагдсан.

Хянагч багийг тоглолт бүрийн талбайн шүүгч шиг сольж, тоглолт бүр өөр өөр баг гаргадаг байна.

VAR баг зөвхөн шүүгчийн шийдвэрийг хянах үүрэгтэй бус. Тэд талбай дээр болж буй шүүгчийн харж чадаагүй өнцөг бүрийг шалгаж, цэвэр тоглолт бий эсэхийг нягтлана. Гэхдээ олон улсын хөлбөмбөгийн холбооноос VAR төхөөрөмжийг зөвхөн тоглолтын үр дүнд нөлөөлөх дөрвөн тохиолдолд бичлэг үзэх эрх нээж өгчээ.

Эдгээр нь:

  • Гоол (отон эсэх, гоол ороход ямар нэг алдаа бий эсэх, гар хүрсэн үгүйг тогтооно)
  • Торгуулийн цохилт (VAR-ын зорилго нь алдаа мөн эсэхийг нягтлах юм)
  • Улаан хуудас (VAR талбайн шүүгчид хэр ноцтой алдаа болохыг сануулах үүрэгтэй)
  • Бусад тохиолдол (Хоёр тоглогч маргалдсан тохиолдолд шүүгч буруу хүнд улаан хуудас өгөхөөс сэргийлнэ)

Хэрхэн ажилладаг вэ?


Талбайн шүүгч болон VAR баг хоёр тохиолдолд бичлэг давтаж үзэх болно. Талбайн теннис шиг тамирчин нь гомдол гаргасан тохиолдолд эсвэл америк хөлбөмбөг шиг багийн дасгалжуулагч алчуур шидэх үед бичлэг үздэг дүрэм хөлбөмбөгт үйлчлэхгүй. Дасгалжуулагч, тоглогчийн хэнийх нь ч хүсэлт талбайн шүүгчид нөлөөлөхгүй гэсэн үг. VAR баг талбайн шүүгчийн шийдвэрт эргэлзсэн бол тоглолт хаашаа ч эргэж байсан талбайн шүүгчид сануулга өгч, улмаар шүүгч үүнийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд бичлэг үзнэ. Мөн талбайн шүүгч ямар шийдвэр гаргахаа мэдэхгүй, эргэлзсэн тохиолдолд бичлэг үзэх давуу эрхтэй аж.

Гэхдээ бичлэг үзээд эцсийн шийдвэрийг VAR багийн зүгээс гаргахгүй. Эсвэл тэд хоорондоо ярилцахгүй бөгөөд зөвхөн талбайн шүүгч эцсийн шийдвэр гаргах юм. VAR бол зөвхөн шүүгчийн ажилд туслах зорилготой. Талбайн шүүгчид бичлэг үзэх зааврыг VAR-ын ахлагч танилцуулах үүрэгтэй юм.