Тони Кроос Германыг аварлаа

1040

Герман 2:1 Швед

Гоол: Марко Ройс 48, Тони Кроос 90+5, Ола Тойвонен 32

Тоглолтын шилдэг: Тони Кроос


Герман, Шведийн үндсэн цаг 1:1-ээр дууслаа. Шүүгч тоглолтыг таван минутаар үргэлжлүүлэх шийдвэр гаргаж, энэ хугацаанд хүн дутуу үлдсэн немцүүд амжиж гоол хийхгүй бол ДАШТ-ийг өндөрлөхөд тун ойрхон байв. Хоёр тоглолтод нэг оноотой буцвал сүүлийн тоглолтод ялалт байгууллаа ч Мексик – Шведийн үр дүнгээс хамаарах байлаа. Гэвч герман машинууд ур чадвараа харуулж, хөгжөөн дэмжигчдээ баярлууллаа.

Тус тоглолтын гоолын салхийг Ола Тойвонен нээж, Мануэль Нойерийн хаалганд эхний гоолыг оруулсан юм. Эхний хагас ингэж өндөрлөж, шведүүд ялалт авахад нэг алхам ойртсон. Харин хоёрдугаар хагас эхлээд удалгүй Марко Ройс тэнцээний гоолыг чихэв.

Улмаар үндсэн цаг дуустал германчууд илүүрхсэн ч гоол оруулах боломжоо ашиглаж чадаагүй. Жэром Боатенг эсрэг багийн хамгаалагч дээр ноцтой алдаа хийснээр хоёр дахь шар хуудсаа авч, талбайг 82 дахь минутаас орхин гарсан бөгөөд энэ үед ч немцүүд довтолсон тоглолт үзүүлж байлаа. Йохам Лёв 84 дахь минутад Юлиан Брандтыг сэлгээнээс оруулж ирсэн нь тун зөв нүүдэл болсон юм. 22 настай Бремений уугуул залуу эр үлдсэн хугацаанд нэг удаа шон онож, дараа нь түүн дээр алдаа гаргаснаар германчууд оноогоор тэргүүлэх боломжтой болсон.

Шүүгчийн мэдлийн таван минут дуусахтай зэрэгцээд немцүүдэд олдсон боломж нь хаалттай цохилт. Тони Кроос бөмбөгний ард очиж, цохилтоо эхлүүлсэн. Тэр эхлээд Ройст бөмбөгөө өгч буцаагаад өөртөө авснаа шууд хаалга чиглүүлээд цохисон, Шведийн хаалгач Робин Олсен бөмбөгт хүрэх гэж үсэрсэн ч хүрсэнгүй. Ийнхүү немцүүд тоглолтын эцсийн цэгт гайхалтай хожил авлаа.

Германчууд өрсөлдөгчөө хожсоноор “F” хэсгийн үлдсэн тоглолт тун сонирхолтой болох шинжтэй. Тус хэсгийг одоогоор Мексикүүд 6 оноотой тэргүүлж байгаа. Хэрвээ Герман хэсгийн сүүлийн тоглолтод хожиж, өөрсдөө Шведэд хожигдвол энэ хэсгийн тэргүүлэгч багууд бүгд 6 оноотой болно. Энэ тохиолдолд гоолын зөрүү, хэн олон гоол оруулсаныг нь тооцно. Эсрэгээрээ БНСУ-д ч боломж бий. Одоогоор нэг ч оноогүй байгаа тэд хэсгийн сүүлийн тоглолтод Германыг олон гоолын зөрүүгээр хожиж, мексикүүд Шведийг ялвал гуулин улсын баг дараагийн шатанд шалгарна.