Саудын Араб 12 тоглолтын дараа хожил авчээ

1060

Саудын Араб 2:1 Египет

Гоол: Салман Аль Фараж 45 + 6, Салем Аль Давсари 90 + 5, Мохамед Сала 22

Тоглолтын шилдэг: Мохамед Сала


Хэдийгээр энэ тоглолтын эцсийн үр дүн ямар ч нөлөөгүй, чухал бус тоглолт байсан ч хоёр багт хоёуланд нь ялалт чухал байв. Абдела Саидын алсын дамжуулалтыг Египетийн “амьд бурхан” Мохамед Сала хаалгач дээгүүр давуулж, ДАШТ-ий хоёр дахь гоолоо орууллаа. Энэ гоолоос удалгүй М.Сала хаалгачийн эсрэг сул гарч ирсэн ч гүйцээж чадсангүй. Харин 41 дэх минутад Египетийн хамгаалагч Ахмед Фати өөрийн шугам дотроо гар хүрсэн тул шүүгч торгуулийн цохилт заалаа.

Энэ боломжийг Саудын Арабын Неймар гэгдэх Салем Аль Давсари ашиглаж, эхний гоолоо оруулахаар хичээсэн ч 45 настай хаалгач Эссам Эл Хадари амжилттай хаасан юм.

Эссам эл Хадари 45 нас, 161 хоногтойдоо ДАШТ-д оролцсон хамгийн ахмад тоглогчоор бүртгэгдсэн билээ. Түүнчлэн дебют тоглолт дээрээ торгуулийн цохилт хааж амжсан дөрөв дэх хаалгач болсон юм. Түүнээс өмнө 1978 онд Перугийн хаалгач Рамон Куирога, 1990 онд АНУ-ын Тони Меола болон энэ жил Исландын хаалгач Ханнес Халлдарссон нар торгуулийн цохилт хааж байв.

Гэхдээ Эссам эл Хадари хоёр дараалан баатар болж чадсангүй. Нэгдүгээр үед 50:36 минутад шүүгч дахин торгуулийн цохилт зааж, энэ удаа Салман Аль Фараж тоог тэнцүүлж дөнгөв.  Улмаар эхний торгуулийн цохилт алдсан Саудын Арабын Неймар 90 + 5 минутад алдаагаа залруулж, хожлын гоол оруулснаар Саудын Арабын шигшээ баг ДАШТ-д хийсэн сүүлийн 12 тоглолтод хожиж чадаагүй үзүүлэлтдээ цэг тавилаа. Тус улсын баг 1994 онд Бельгийн шигшээг 1:0-ээр хожсоноос хойш хоёр тэнцэж, 10 ялагдсан аж.