Малчин удамтай иран залуу

1049

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Криштиану Роналду Ираны шигшээ багийн эсрэг торгуулийн цохилтоо алдаж, багтаа хожил авчрах сайхан боломжоо алдсан. Хэдийгээр эцсийн үр дүнд тус хоёр баг тэнцэж, португалчууд хасагдах шатанд шалгарсан ч 1:1 бол тэдний хүссэн үр дүн биш байлаа. К.Роналду гоол оруулсан тоогоо ахиулж, баг нь энэ тулаанд ялсан бол хэсгээсээ нэгээр тодорч, хасагдах шатанд илүү аюул багатай зам туулах боломжтой байсан юм. Харин “Персеполис” багийн хаалгач Алиреза Бейранванд хэмээх 194 см өндөртэй, 25 настай хаалгач К.Роналдугийн торгуулийн цохилтыг хааж, багтаа найдвар төрүүлсэн. Хэдийгээр иранчууд хүссэндээ хүрч чадаагүй ч дэлхийн хөлбөмбөг сонирхогчид амттай нэгэн тулааны гэрч болсон билээ.

К.Роналдугийн торгуулийн цохилтыг хааж, сэтгэлзүйн тулаанд ялалт байгуулсан энэ перс эр хэн бэ?

Иран хөлбөмбөгчин малчин гэр бүлд төрсөн юм. Тэр багаасаа хөлбөмбөгт дуртай хүүхэд байсан ч гараагаа хаалгачаар бус довтлогчоор эхлүүлжээ. Харин багийнх нь хаалгач гэмтэл авснаар Алиреза одоогийн байрлалдаа тогтсон аж.

Гэхдээ аав нь хөлбөмбөгийг ойшоож үздэггүй хүн байлаа. Хөлбөмбөгөөр амжилт олохгүй гэж үзсэн тул хүүгээ ажил хийхийг хүсдэг байсан юм. Тэрбээр энэ талаар “Guardian” сонинд өгсөн ярилцлагадаа “Аав маань хөлбөмбөгт дуртай байгаагүй. Нэг бус удаа тоглолтын хувцас, бээлийг маань урж байсан тул би бээлийгүй тоглодог байлаа” гэж ярьсан удаатай. Аавтайгаа таарамж муутай байсан тул перс эр нийслэл Тегеран руу зугтсан аж. Нийт 14 сая хүн амьдардаг, их хотод малчин удамтай залуу амьдрахын тулд бүхнийг хийж байлаа. Тэр аль тааралдсан газраа хоноглож, хувцасны үйлдвэр, машин угаалгын газар, пицца зөөгч, цэвэрлэгч гээд тааралдсан ажлаа голохгүй хийдэг байв. Энэ хугацаанд Алиреза мөрөөдлөө орхиогүй. Нутгийн клубт үргэлжлүүлэн тоглож, 19 насандаа мэргэлжлийн гараагаа “Нафт Тегеран” клубт эхлүүлсэн юм.



Алиреза довтолгоог сайн дэмждэг хаалгач гэдгээрээ удалгүй олны анхаарлыг татаж эхэлсэн. Дөрвөн жилийн өмнө өгсөн гоолын дамжуулалтаараа тэр мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж чадсан юм. Өдгөө 25 настай иран залуу улсынхаа хамгийн нэр хүндтэй том клуб болох “Персеполис” багийн хаалгыг манаж, Ираны шигшээ багийн №1 хаалгач болсон билээ.