Бельги, Франц шөвгийн 4-т үлдлээ

1982

Франц 2:0 Уругвай

Гоол: Рафаэль Варане 40, Антуан Гриззман 61

Тоглолтын шилдэг: Антуан Гриззман


Францчууд Өмнөд Америкийн багт хожигдоогүй гэсэн сонирхолтой үзүүлэлтээ хадгалж үлдлээ. Гарааны довтлогч болох Эдинсон Каванигүй уругвайчууд яаж гоолдох учраа олсонгүй. Эсрэгээрээ өмнөх тоглолтод гурван гоол алдсан Гурван өнгөтнүүд энэ алдаагаа залруулж, Уго Ллорис хаалгаа хуурай маналаа.

Түүх сөхвөл Францын хувьд хамгийн хэцүү баг нь Уругвай. Тэд хоорондоо таарсан сүүлийн 8 тоглолтод Гурван өнгөтнүүд ганц удаа хожиж, Тэнгэрийн хөхүүд гуравт нь ялж, дөрвөн удаа хоорондоо тэнцжээ. Хамгийн сүүлд 2013 онд нөхөрсөг тоглолт хийхэд Луис Суаресийн ганц гоолоор хожиж байв.

Гоолын салхийг “Реал Мадрид”-ын хамгаалагч Рафаэль Варене нээв. Тэрбээр шигшээдээ гурав дахь гоолоо оруулсан. Эдгээр гурван гоолоо бүгдийг нь мөргөж гоолдсон гэх Р.Варене анх 2015 оны гуравдугаар сард Бразилын эсрэг гоол хийж байв. Удаах гоолыг Антуан Гриззман хийснээр тооны харьцааг холдуулсан. А.Гриззманы холоос цохисон бөмбөгийг Уругвайн хаалгач Фернандо Муслера хааж амжсан ч зогсоож амжилгүй хаалгандаа алдчихсан. Үр дүнд нь А.Гриззман ДАШТ болон Европын АШТ-ий сүүлийн зургаан хасагдах шатанд 7 гоол оруулсан гэх бардам үзүүлэлттэй боллоо.

Харин Уругвайгаас Луис Суарес тун муу тоглосон. Тэрбээр эсрэг багийн 16 метрийн торгуулийн шугамд бөмбөгт огт хүрээгүй юм. Энэ нь ДАШТ-д хийсэн 13 тоглолтоос анхных нь аж. Түүнчлэн өрсөлдөгчийнхөө хаалга руу нэг ч цохиж амжаагүй хоёр дахь тоглолт болсон бөгөөд эхнийх нь мөн л Францын эсрэг 2010 оны ДАШТ болжээ.




Бельги 2:1 Бразил

Гоол: Фернандино (авто гоол) 13, Кевин де Брюни 31, Ренато Аугусто 76

Тоглолтын шилдэг: Кевин де Брюни


Аргентинийн Л.Месси, Португалын К.Роналду зэрэг өнөө цагийн хөлбөмбөгийн өнгийг тодорхойлж буй том одууд ДАШТ-ийг эрт орхисон бол араас нь Бразилын Неймар заларлаа.

Тэд эцсээ хүртэл тооны харьцааг тэнцүүлэхээр хичээсэн ч болсонгүй. Ер нь бразилчууд бүтэлтэй байсангүй. Эхлээд Фернандиногийн нуруунд ойж, авто гоол орсон. Тэр өөрийнхөө хаалганд гоол оруулсан хоёр дахь бразил тоглогч болжээ. Дөрвөн жилийн өмнө Марсело Хорватын эсрэг өөрийнхөө хаалгыг мялаасан түүхтэй. Үүний дараа Кевин Де Брюни тооны харьцааг холдуулж, дэлхийн таван удаагийн аваргыг тун хүнд байдалд оруулсан. Бразилчууд ДАШТ-ий түүхэнд 11 тоглолтод 2+ гоолоор хожигдож байсан бөгөөд үүнээс ганцхан удаа л эргэн ирж, ялсан удаатай. Тэр нь гэхдээ 80 жилийн өмнө Шведийн эсрэг 0:2-оор дийлдэж яваад 4:2-оор ялсан удаатай.

Хоёрдугаар үед сэлгээгээр гарч ирсэн Ренато Аугусто тооны харьцааг ойртуулсан ч Неймарын нөхөд тэнцүүлэх боломж гаргаж чадсангүй.

Ийнхүү бразилчууд сүүлийн дөрвөн ДАШТ-д дараалан Европын багуудад хожигдож, хасагдлаа. Тодруулбал, 2006 онд Францад, 2010 онд Нидерландад, 2014 онд Германд хожигдсон бол энэ жил Бельгийн шигшээд дийлдсэн юм.