“Тур де Франс”-т бидний анхаарлыг татах 10 дугуйчин

1175

Мэргэжлийн дугуйн хамгийн том гурван тэмцээний нэг “Тур де Франс” өнөөдөр нээлтээ хийнэ. Гурван долоо хоногийн турш дугуйчдын хөдөлмөр зүтгэл, тэсвэр тэвчээрийг шалгах уралдаанд түрүүлэх магадлалтай 10 дугуйчныг танилцуулья.


Крис Фрум

Скай/Их Британийн дугуйчин

2013, 2015, 2016, 2017 оны аварга


Их Британийн алдарт дугуйчин Крис Фрум допингийн асуудалд нэр холбогдсон ч цэвэр гэдгээ нотолж чадсан тул энэ удаагийн тэмцээнд оролцохоор боллоо. Хэрвээ тэр түрүүлж чадвал Францын Жак Анкетиль, Бернар Ино, Бельгийн Эдди Меркс, Испанийн Мигель Индурайн нарын адил тав түрүүлсэн дугуйчин болно. Олон улсын дугуйн холбоо түүнийг допинг хэрэглээгүй гэдгийг тэмцээн эхлэхээс тав хоногийн өмнө хүлээн зөвшөөрч, оролцох боломж олгосон нь К.Фрумд сайн мэдээ хэдий ч сэтгэлзүйн хувьд давж чадах эсэх нь том асуулт үлдээв.


Найро Куинтана

Мовистар/Колумб

2013, 2015 оны “Тур де Франс”-ын дэд аварга


К.Фрумын хамгийн хүчтэй өрсөлдөгч. Дөрвөн жилийн өмнө Италийн “Giro d’Italia” уралдаанд түрүүлж байсан бол хоёр жилийн өмнө “Vuelta a Espana”-д мөн өнгөлж байв. Тэрбээр өнгөрсөн жил Францын уралдаанд 12 дугаар байрт орсон. Энэ тааруу амжилтаа тэр Италийн уралдаанд оролцсонтойгоо холбосон учир энэ жил тус тэмцээнийг өнжсөн билээ.


Ричи Порт

BMC/Австрали

2016 оны “Тур де Франс”-т тавдугаар байр


Австрали дугуйчин замналынхаа эхэн үед К.Фрумын найдвартай хамтрагч байсан юм. Түүний эхний хоёр түрүүнд тус болж байлаа. Харин 2016 оноос BMC багт очсоноор К.Фрумын гол өрсөлдөгч болсон билээ. Өнгөрсөн жил түүнтэй ширүүн өрсөлдсөн ч есдүгээр гарааны үеэр осолдож, тэмцээнийг орхисон. Тэрбээр өнгөрсөн сард эргэн ирж, Швейцарийн уралдаан түрүүлсэн юм.


Микель Ланда

Мовистар/Испани

2017 оны “Тур де Франс”-т дөрөвдүгээр байр


Мөн л К.Фрумын хамтрагчаар нэг жил зүтгэж, түүнийг аварга болгоход тусласан эр. Харин энэ улирлаас испани залуу “Movistar” багийн гол дугуйчдын нэг болоод буй.


Винченцо Нибали

Бахраин-Мерида/Итали

2014 оны “Тур де Франс”-ын аварга


Сүүлийн 5 жилд К.Фрум дөрвөн түрүү авсан бол Винченцо Нибали үлдсэн ганц түрүүг нь хүртсэн. Үүнээс гадна дугуйн гурван том тэмцээнд түрүүлсэн долоо дахь дугуйчин юм. Тэрбээр өнгөрсөн жилээс “Астана”-г орхиж, “Бахраин-Мерида”-гийн дугуйчин болсон юм.


Том Дюмулен

Санвэб/Нидерланд

2017 оны “Giro d’Italia” уралдааны аварга


Италид түрүүлснээр 1980 оноос хойш гурван том тэмцээнд өнгөлсөн анхны нидерланд дугуйчин болсон. Харин энэ жил К.Фрумын ард жагссан юм. Түүний хувьд Францын уралдаан тун хүнд даваа. Учир нь хамгийн оргил амжилт нь гэхэд 33 дугаар байр юм.


Ромен Барде

AG2R La Mondiale/Франц

2016 оны “Тур де Франс”-ын дэд аварга, өнгөрсөн жил гуравдугаар байрт орсон


Өдгөө 27 настай Р.Барде энэ жагсаалтад багтсан дугуйчдаас хамгийн залуу нь. Францаас 33 жил тус тэмцээний аварга төрөөгүй. Тэгвэл энэ хар үзүүлэлтэд Р.Барде цэг тавина гэж итгэл хүлээлэгсэд олон бий.


Ригоберто Уран

EF Education First-Drapac Cannondale/Колумб

2017 оны “Тур де Франс”-ын дэд аварга


Өнгөрсөн жилийн тэмцээний гэнэтийн бэлэг нь Р.Уран байсан юм. Дэд аварга болсон түүний хувьд өмнө нь Лондоны олимпод мөнгөн медаль хүртсэн амжилт нь оргилд тооцогдоно. Өнгөрсөн жил гялалзахаасаа өмнө 24 дүгээр байрт орж байсан нь түүний оргил амжилт байлаа.


Петер Саган

Bora-Hansgrohe/Словак

“Тур де Франс”-ын найман гараанд түрүүлсэн


П.Саган бол дэлхийн шилдэг дугуйчдын нэг. “Терминатор” хочтой словак эр нийлбэр оноогоор түрүүлсэн тамирчинд олгодог ногоон цамцыг дархалсан эр. 2012 оноос хойш 2016 он хүртэл таван жил ногоон цамцыг өмсчээ. Тэрбээр дахин нэг удаа ногоон цамцыг өмсвөл Эрик Забелийн дээд амжилттай зэрэгцэх юм.


Марк Кавендиш

Dimension Data/Их Британи

30 гараанд түрүүлсэн


Өнгөрсөн жил дөрвөн гарааны дараа П.Сагантай мөргөлдөж, мөрөө гэмтээсэн учир тэмцээнийг орхисон. Тэрбээр “Тур де Франс”-ын хамгийн хүчтэй өрсөлдөгч гэгддэг ч нэг ч удаа нийлбэр дүнгээр түрүүлж үзээгүй юм.