Жүдоч Г.Алтанбагана улсын арслан Д.Ганхуягаар хоёр давлаа

1078

Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812, ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа өндөрлөв.

Дархан аварга Г.Өсөхбаяр зүүний манлайд гарч, түүний араас улсын аварга О.Балжинням, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат болон улсын арслан цолтой 9, улсын гарьд 6, улсын заан 9, улсын харцага 17, улсын начин 41 бөх энэ удаагийн наадамд зодоглож буй.

Наадмаас өмнө допингийн шинжилгээнд бүдэрсэн гэх улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш нар шүүхэд хандаж, барилдах эрхээ сэргээсэн ч өөрсдөө барилдахгүй гэдгээ зарласан юм. Түүнчлэн улсын заан Б.Пүрэвсайхан, Б.Соронзонболд зэрэг бөхчүүд допинг хэрэглэсэн тул зодоглоогүй юм.

Нэгийн даваанд улсын харцага Ш.Уламбаяр, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу нар учраагаа бараагүй бол хоёрын даваанд улсын арслан Д.Ганхуяг залуу бөх Г.Алтанбаганад уналаа.

Гантулгын Алтанбагана гэх залууг жүдо сонирхогчид сайн мэдэх биз ээ. Үндэсний шигшээ багийн 90 кг-д данстай энэ залуу 23 настай, жүдо бөхийн ОУХМ цолтой. Өнгөрсөн жил ДАШТ-д шагналт долдугаар байрт, энэ жил улсын аварга болоод Хөх хотын гранприд мөнгөн медаль хүртсэн манай чадварлаг, залуу бөхчүүдийн нэг юм.