Дэлхийн хамгийн үнэтэй клуб “Даллас Ковбойс”

1282

“Forbes” сэтгүүл жил бүр дэлхийн хамгийн үнэтэй спортын клубийг зарладаг уламжлалтай. Энэ жилийн хувьд хамгийн үнэтэй спорт клубээр америк хөлбөмбөгийн “Даллас Ковбойс” баг тодорчээ. Тус клубийн үнэ 4.8 тэрбумд хүрдэг. Ингэснээр “Үхэрчин хөвгүүд” гурван жил дараалан спортын хамгийн үнэтэй клубээр тодров. Тэрбумтан Жерри Жонсын эзэмшдэг тус клуб 2009 онд 80 мянган хүний суудалтай “AT&T” цэнгэлдэхээ ашиглалтад оруулсан цагаас хойш орлого нь зогсолтгүй өссөөр байгаа юм. Цэвэр ашиг нь жилд 840 сая “ногоон” элбэг давдаг гэх зөвхөн баячууд суудаг суудлаас жилийн орлого нь 100 саяд хүрч, ивээн тэтгэгч байгууллагаас 150 саяыг “халаасалдаг” аж. Түүнчлэн хөлбөмбөгийн тоглолтгүй үедээ цэнгэлдээ ашиглаад 1.2 тэрбум ам.долларын орлого олдог.

Энэ жил үнэлгээ нь нэг тэрбум давсан 106 спортын клуб нэмэгдсэн нь өнгөрсөн жилээс өссөн тоо. Өмнө нь 87 багийн үнэлгээ нэг тэрбум давж байв.

Уг жагсаалтын эхний 50-д NFL-ийн 29 баг орсон нь америкийн зах зээл ямар том болохыг харуулж буй хэрэг. 

“Нью Йорк Янкийс” тэргүүтэй MLB-гийн зургаан баг эхний 50-д байгаа бол үнэлгээ нь 3.6 тэрбум долларт хүрсэн “Нью Йорк Никс” найман NBA-гийн баг бүртгэгджээ. Бусад багийн хувьд “Хьюстон Рокитс” 2.2 тэрбум, “Бруклин Нетс” 2.3 тэрбум, “Голден Стэйт Уорриорс” 3.1 тэрбумын үнэлгээтэй байгаа аж.

Хамгийн өндөр үнэлгээтэй 10 баг

  1. Даллас Ковбойс, 4.8 тэрбум (NFL)
  2. Манчестер Юнайтед, 4.1 тэрбум (Хөлбөмбөг)
  3. Реал Мадрид, 4.09 тэрбум (Хөлбөмбөг)
  4. Барселона, 4.06 тэрбум (Хөлбөмбөг)
  5. Нью Йорк Янкийс, 4 тэрбум (MLB)
  6. Нью Инглэнд Патриотс, 3.7 тэрбум (NFL)
  7. Нью Йорк Никс, 3.6 тэрбум (NBA)
  8. Лос Анжелес Лэйкерс, 3.3 тэрбум (NBA)
  9. Нью Йорк Жайнтс, 3.3 тэрбум (NFL)
  10. Голден Стэйт Уорриорс, 3.1 тэрбум (NBA)