Мэсүт Өзил гомдов

1438

Германы шигшээ багийн хагас хамгаалагч, турк гаралтай Мэсүт Өзил гомдолтой байна. Өнгөрсөн тавдугаар сард М.Өзил болон “Манчестер Сити”-гийн Илкай Гюндоган нар Туркийн ерөнхийлөгч Тайип Эрдогантай хамт зурагаа авхуулсан нь “цэвэр цусны германчуудад” огт таалагдаагүй юм. Улмаар ДАШТ-д оролцох шигшээ багаас тэднийг хасахыг шаардсан нь баг доторх уур амьсгалыг эвгүйтүүлж орхисон. Тэд тавдугаар сард Туркийн ерөнхий сонгуульд Т.Эрдоганы нам ялалт байгуулсны дараа энэ зургийг авхуулсан аж.

Үүнд Германы хэсэг улс төрчид дургүйцсэн. Германы улс төрийн бодлогыг эсэргүүцсэн зураг хэмээн цоллосон. Учир нь тэдгээр улс төрчид Т.Эрдоганыг зүй ёсны ерөнхийлөгч гэж үздэггүй, дарангуйлагч гэж хардагтай холбоотой юм.

Харин хэргийн эзэд болох И.Гюндоган, М.Өзил нар ерөнхийлөгчтэй уулзсан шалтгаанаа хөлбөмбөгтэй холбож тайлбарладаг.

Энэ явдлаас хойш М.Өзил арьс өнгөний эсрэг үзэлд багагүй өртөж, үзсэн ядсан утга бүхий емайл, заналхийлсэн утасны дуудлага цөөнгүй ирсэн хэмээсэн юм. Энэ бүхнээс улбаатайгаар М.Өзил шигшээ багаасаа зодог тайлах шийдвэр гаргажээ. Тэрбээр “Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл ийм хүчтэй байгаа үед Германы өмсгөлтэй дахин талбайд гарахгүй. Энэ өмсгөлтэй талбайд ялалтын төлөө зүтгэх нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Гэхдээ одоо ийм мэдрэмж авч чадахгүй байх. Ялгаварлан гадуурхах үзлийг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй” гэж өөрийн твиттер хуудсандаа онцолжээ.