Германы хөлбөмбөгийн холбоо М.Өзилийг гадуурхаагүй

1224

Германы хөлбөмбөгийн холбоо (DFB) Мэсүт Өзилийг арьс өнгөний үзлээр ялгаварлан гадуурхсан гэх ярианд хариулт өгчээ. Тэд чухал тоглогчоо арьс өнгөөр ялгаварлаагүй, харин ч ийм зүйлээс түүнийг хамгаалахыг оролдож байсан гэдгээ мэдэгдсэн юм.

Өдгөө 29 настай М.Өзил дахин Германы шигшээ багт тоглохгүй гэдгээ зарласан. Учир нь арьс өнгөний үзэл газар авч, Германы шигшээ баг ДАШТ-ээс эрт хасагдсаны дараагаар түүний амь насанд халдах заналхийлал их ирэх болсон юм.

М.Өзил өнгөрсөн тавдугаар сард Туркийн ерөнхийлөгч Тайип Эрдоганыг Лондонд ирэх үеэр түүнтэй зурагаа авхуулсан нь олон хүнд таалагдаагүй. Үүний дараа Германы хөлбөмбөгийн холбоо болон хэвлэл мэдээллээр ялгаварлан гадуурхаж эхэлсэн хэмээн мэдэгдсэн юм.

М.Өзил бол Турк гэр бүлээс гаралтай Германд төрсөн хөлбөмбөгчин. Тэрбээр дөрвөн жилийн өмнө Германы шигшээ багийг ДАШТ-д түрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн тоглогчдын нэг. 

Германы шигшээд зүтгэдэг өөр нэг турк гаралтай тоглогч болох Илкай Гюндоган, Мэсүт Өзил нар Туркийн ерөнхийлөгчийг Лондонд ирэх үеэр дээрх зургийг авхуулсан бөгөөд тамирчид дараа нь хөлбөмбөгийн талаар ярилцсан гэж тайлбарласан билээ.