Бразилын шигшээ багийн дасгалжуулагч Тите гэрээгээ сунгав

753

Бразилын хөлбөмбөгийн холбоо (CBF) дасгалжуулагч Титетэй гэрээгээ дөрвөн жилээр сунгаж, 2022 оны ДАШТ хүртэл үргэллжлүүлэх тохиролцоонд хүрчээ.

Тите Бразилын шигшээ багийн дасгалжуулагчаар 2016 оны зургадугаар сард сонгогдсон.

Шигшээ багийн дасгалжуулагчид нэг багийн хамт хоёр дахь ДАШТ-д оролцохдоо тааруу байдаг үзүүлэлт бий. Уругвайн шигшээг 12 жил дасгалжуулж буй Оскар Табаресын шавь нар л тогтвортой амжилт үзүүлдэг гэхэд болно.

Испанийг Европын хошой аварга, ДАШТ-ий алтан медальд хүргэсэн Висен дел Боске 2014 оны ДАШТ-д хэсгийн шатандаа бүдэрсэн юм. Тэрбээр Евро 2016-д шөвгийн 16-гаас хэтрээгүй бөгөөд үүнийхээ дараа ажлаа өгсөн билээ.

Италийг 2006 онд дэлхийн аварга болгосон мэргэжилтэн Марсельо Липпи дөрвөн жилийн дараа хэсгийн шатнаас гэртээ харьсан тул ажлаасаа халагдсан. Тэр жил багаа финалд хүргэсэн Францын дасгалжуулагч Рэймонд Доменеч дөрвөн жилийн дараа Өмнөд Африкт багаа удирдсан ч амжилт олоогүй юм.

Харин одоо Тите багаа амжилтад хүргэх эсэхийг харах үлдэв.