Леонил Мессид хугацаа хэрэгтэй

836

Аргентинийн хөлбөмбөгийн холбоо (AFA)-ийн ерөнхийлөгч Клаудио Тапиа хөгжөөн дэмжигчиддээ хандаж, шигшээ багийн лидер тоглогч Леонил Мессид бодох хугацаа өгөхийг хүслээ. “Бид түүнээс хэтэрхий их зүйл хүсч байна. Одоо түүнийг тайван орхиж, ирээдүйгийнхээ талаар бодох хугацаа өгөх хэрэгтэй” гэж “Radio Mitre”-д өгсөн ярилцлагадаа онцолжээ.

К.Тапиа хамгийн сүүлд өнгөрсөн баасан гаригт буюу Аргентинийн найзуудын баярын өдрөөр Л.Месситэй холбогдсон гэнэ. “Миний бодлоор бидний харилцаа сайн байгаа” гэж холбооны тэргүүн ярьсан юм. Л.Мессиг ДАШТ-ий дараа шигшээ багаасаа зодог тайлна хэмээх цуурхал тараад буй учир үүнд хариулт өгсөн бололтой.

Түүнчлэн Аргентинийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан Хорхе Сампаолигийн оронд хэнийг томилох талаар одоогоор төлөвлөсөн зүйл үгүй, хэн нэгэн нь холбогдоогүй гэнэ. Аргентинийн хөлбөмбөгийн холбооны удирдах зөвлөл долдугаар сарын 31-нд хуралдана. Энэ үеэр ямар шийдвэр гаргах талаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа бололтой.

Өмнөх дасгалжуулагч Х.Сампаоли 15 тоглолтод багаа удирдаж, энэ хугацаанд 57 тоглогч шигшээд дуудсан. Үр дүнд нь долоон тоглолтод хожиж, дөрөв тэнцээд, дөрвөн удаа хожигдсон юм.