Домогт Уэйн Гретцки Хятадын клубийн элч болов

1161

Канадын хоккейн домог Уэйн Гретцки Тивийн хоккейн лигт (KHL) хүч үздэг Хятадын “Кунлун Рэд Стар” клубийн элч болжээ.

Бээжинд байрладаг “Улаан од” клуб бол Хятадын цор ганц мэргэжлийн хоккейн клуб. Тус клуб 2022 оны өвлийн олимпоос өмнө хоккей сонирхдог залуусын ур чадварыг ахиулах үүднээс У.Гретцкиг элчээр томилсон байна.

“Улаан од” клуб нь 2016 оноос хойш Оросын KHL-д хамрагдах болсон юм. Гэхдээ ихэнх тоглогчид нь ази бус, легионероос бүрдсэн аж.

Өдгөө 57 настай У.Гретцки тун удахгүй Бээжин болон Шензен мужид 8-17 насны өсвөрийн хоккейн сургууль нээхээр төлөвлөж буй. Энэ сургуулийн тоог удалгүй Хятад даяар 20-д хүргэх сонирхолтой байгаа аж.

Хятад улс 2022 оны цагаан олимпийг зохион байгуулах учир өвлийн спортыг эрчимтэй хөгжүүлэхэд анхаарч байгаа билээ. Энэ ажилд нэрт хоккейчнийг туслана гэдэгт итгэлтэй байгаа юм.

Ирэх есдүгээр сард У.Гретцки Бээжин, Шензен болон Шанхай хотуудад зочлоно. Энэ үеэр NHL-ийн аялан тоглолт болж, Бостон болон Калгари хотын багууд хоорондоо өрсөлдөх юм.

Тивийн хоккейн лиг өмнө нь Оросын супер лиг нэртэй байв. Тэд NHL-тэй өрсөлдөхийн тулд энэ нэршилээ сольж, хүрээлэлээ нэмсэн. Одоогоор долоон улсын 25 баг энэ лигт өрсөлдөж буй. Тодруулбал, ОХУ (19 баг), Беларусь (1), БНХАУ (1), Финланд (1), Казахстан (1), Латви (1), Словак (1) багууд бүртгэлтэй юм.