37 настай Миклош Унгвари хөгжөөн дэмжигчдээ баярлуулав

2742

Унгарын нийслэлд болж буй жүдогийн гранпри зэрэглэлийн тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-д Ганбаатарын Одбаяр зодоглов. Энэ жинд барилдсан бөхчүүдээ чансаагаар тэргүүлсэн учир Г.Одбаяр “А” хэсгийг толгойлсон юм. Улмаар эхний тойрогт хийлж, хоёрын даваанд Австрийн Кристофер Вагнерийг ялж, дараа нь Португалын Нуно Сарайваг буулган авсан юм. Ингээд хэсгийн аваргын төлөө Италийн Жиованни Эспоситог ялснаар медалийн төлөө барилдах эрхтэй болсон.

Харамсалтай нь, манай жүдоч хагас шигшээд Японы Масаши Эбинүмаг торгуулиар хожиж явсан ч үндсэн цаг дуусахаас хэдхэн секундын өмнө өрсөлдөгчийнхөө мэхэнд орж, унахдаа мөрөө гэмтээсэн юм.



Улмаар мөр нь гэмтэлтэй учир хүрлийн төлөөх барилдаанд нутгийн залуу жүдоч Фригис Сабог дийлсэнгүй. Барилдаан эхлээд л нэг минут хүрэхгүй хугацааны дараа даралтанд орж, жүдогийн гэр бүлд төрж өссөн унгар залуу анх удаа гранпри зэрэглэлийн тэмцээнээс медаль хүртлээ.

Харин аваргын төлөөх барилдаанд тунаж үлдсэн Японы Масаши Эбинүма, Унгарын алдарт бөх Миклош Унгвари нарын барилдаан тун сонирхолтой болж, тун удахгүй 38 нас хүрэх гэж буй М.Унгвари иппоноор ялалт байгуулж, нутгийн олноо баярлуулав.

Олимпийн мөнгө, ДАШТ-ий гурван хүрэл медальтай М.Унгвари Риогийн олимпод шагналт тавдугаар байр эзэлж, өнгөрсөн жил Бакугийн их дуулгаас хүрэл медаль хүртсэн ч Европын АШТ-д тавдугаар байрт ороод дахин тэмцээнд ороогүй. Хэсэг завсарлага авсны дараа нутагтаа зохиогдсон гранприд түрүүлж, гранпри зэрэглэлийн тэмцээнээс хоёр дахь алтан медалиа хүртлээ. Тэрбээр 2015 онд Будапештийн гранприд алтан медаль хүртсэн түүхтэй.