Эрэгтэй хүнд жин болон эмэгтэй дөрвөн жингийн сугалааны талаар

4430
  • Эрэгтэй 125 кг: Н.Золбоо – 14:00 цаг + 21:24 цаг (шигшээ)

Энэ жинд 13 улсын бөх зодоглоно. Манай тугчаар оролцсон Н.Золбоо тун хатуу сугалаа татжээ. Бүгд найрамдах Тажик улсын бөх Фарход Анакуловтой хүч сориод ялвал Лондоны олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт гүрж гаралтай Узбекистаны бөх Давит Модзманашвили, нутгийн бөх Димас Септо Ануграха нарын ялсантай нь хүч үзнэ.

  • Эмэгтэй 50 кг: Э.Нарангэрэл – 14:00 + 20:12 цаг (шигшээ)

Э.Нарангэрэл эхний тойрогт Тайландын Манлика Эсатитай, түүнийг ялвал Узбекистаны Даулетбайк Яхшимуратова, Вьетнамын Нгон Ти Хуаны ялсантай дараагийн даваанд хүч сорино. Энэ жинд Риогийн олимпийн хүрэл, ДАШТ-ий алт, мөнгөн медальт БНХАУ-ын Сюн Янан зодоглоно.

  • Эмэгтэй 53 кг: Э.Сумъяа – 14:00 + 20:30 цаг (шигшээ)

Эхлээд Энэтхэгийн бөх Пинкетэй, түүнийг ялвал Индонезийн Деви Улфа, Вьетнамын Пам Ти Ха Пёны ялсантай нь барилдах аж. Энэ жинд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Казахстаны Жулдыз Эшимова, өнгөрсөн жилийн дэлхийн аварга, Японы Харүна Окүно нарын шилдгүүд иржээ.

  • Эмэгтэй 57 кг: А.Батцэцэг – 15:12 + 20:48 цаг (шигшээ)

А.Батцэцэг эхний тойрогт хийлээд Вьетнамын Кеү Ти Литэй учраа таарна. Түүнийг ялвал БНСУ-ын Юм Жи Ен, БНХАУ-ын Пей Шин Ру нарын хэн ялсантай нь өрсөлдөх аж. Энэ жинд залууучуудын олимпийн мөнгөн медальт Энэтхэгийн Поожа Данда, ДАШТ-ий хүрэл медальт Хойд Солонгосын Жён Мён Сүк нар иржээ.

  • Эмэгтэй 62 кг: П.Орхон – 15:36 + 21:06 цаг (шигшээ)

Түрүүлэх тамирчны тоонд зүй ёсоор орж буй П.Орхон эхний тойрогт хийлээд Вьетнамын Нгон Ти Ми Хантай учраа таарав. Түүнийг ялвал Риогийн олимпийн аварга, ДАШТ-ий алт, мөнгөн медальтай Японы Рисако Кавай, БНСУ-ын Хан Жен Вон нарын ялсантай нь хүч үзнэ.

Энэ жинд тэднээс гадна ДАШТ-ий хүрэл медальт, Киргызстаны Айсулуу Тинибекова, олимпийн хүрэл медальт, Энэтхэгийн Сакши Малик зэрэг шилдгүүд бий.