Байт харваачид хүрэл медалийн төлөө өрсөлдөнө

2512

Өнөөдөр Азийн наадмын байт харвааны холимог багийн төрлүүд явагдаж, медалийн төлөө өрсөлдөх багууд тодорлоо. Рекурв буюу тахир нумын төрөлд монгол харваачид хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр болсон юм.

Монголын багт Риогийн олимпод оролцогч Бишиндээгийн Урантунгалаг болон энэ жил 21 настай залуу харваач Баатархуягийн Отгонболд нар харвасан. Тэд эхлээд Энэтхэгийн багийг 5:4-оор ялсан юм. Тус багт ДАШТ-ий хошой мөнгө, Азийн наадмын хүрэл медальтай Деепика Кумари, Ази тивийн аваргын мөнгөтэй Дас Атану нар байлаа.

Харин шөвгийн наймд олимп, дэлхийн хошой аварга БНСУ-ын Чан Хэ Жин болон залуучуудын олимп, дэлхийн аварга И Во Сеок нарыг 5:1-ээр илүүрхсэн юм.

Харамсалтай нь, Японы холимог багт 6:2-оор хожигдлоо. Японы багт Лондоны олимпийн ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртэж, ДАШТ-ээс хүрэл зүүсэн Такахарү Фүрүкава, ДАШТ-ий шагналт дөрөвдүгээр байрт орсон Томоми Сүгимото нар багтсан аж.

Гэхдээ манай харваачдын тэмцээн дуусаагүй. Ирэх даваа гаригт буюу энэ сарын 27-нд Улаанбаатарын цагаар 14:00 -өөс хүрэл медалийн төлөө БНХАУ-ын харваачидтай цэц сорино.