Манай жүдочид хувийн төрөлд хоёр мөнгө, таван хүрэл медальтай

1994

Азийн наадмын жүдо бөхийн хувийн барилдаанууд өчигдөр өндөрлөв. Нийт эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд аварга тодорсон бөгөөд манай улсаас 13 жинд тамирчид өрсөлдөөд хос мөнгө, таван хүрэл медальтай үлдлээ.

Өчигдөр эрэгтэйчүүдийн 90 кг-д зодоглосон Г.Алтанбагана, +100 кг-д хүч сорьсон Ө.Дүүрэнбаяр нар мөнгө, -100 кг-д Л.Отгонбаатар хүрэл, эмэгтэйчүүдийн -70 кг-д Ц.Наранжаргал хүрэл медаль хүртэж, монгол түмнээ баярлуулав.

-70 кг-д хүч үзсэн Ц.Наранжаргал гурван Азийн наадам дараалан медаль хүртсэн Монголын анхны тамирчин болов. Азийн наадамд түүнээс олон медальтай монгол тамирчин ч цөөхөн. Тодруулбал, О.Гүндэгмаа гавьяат тав, Б.Бат-Эрдэнэ аварга дөрөв, жүдоч Д.Цэрэнханд гурван медальтай. Гэхдээ хэн нь ч 12 жилийн турш нэг түвшинд зодоглож, медальтай буцаж байгаагүй юм. Өдгөө 26 настай Ц.Наранжаргалыг дөрвөн жилийн дараа дахин медаль авахыг ч үгүйсгэхгүй юм.

Түүнчлэн М.Уранцэцэг “Инчён”-ы алтаа, хүрлээр сольсон бол Д.Сумъяа хүрэл, Ө.Дүүрэнбаяр мөнгөн медалиа ихэрлүүлсэн юм.

Жүдогийн төрөлд япончууд илт давамгай байлаа. Ялангуяа эмэгтэй бүх жинд финалдаж, зургаад нь түрүүлсэн мундаг үзүүлэлттэй. Харин эрэгтэйгээс 73 кг-д Шохэй Оно, -100 кг-д Кэнтаро Ийда нар түрүүлсэн аж.