Өнөөдөр жүдогийн ДАШТ эхэлнэ

2079

Жүдо бөхийн ДАШТ Азербайжаны нийслэл Баку хотод энэ сарын 20-27-нд болно. Бакугийн Үндэсний Гимнастикийн ордонд нээлтээ хийх юм.

Өнгөрсөн мягмар гаригт жүдо бөхийн Алдрын танхимд багтсан 19 хүн шинээр нэмэгдсэн бөгөөд тэдэнд зориулсан хүндэтгэлийн гала тоглолт, үдэшлэг зохион байгуулсан юм.

Харин өчигдөр “Hilton” зочид буудалд сугалаа явагдсан аж.

Энэ удаагийн ДАШТ-д албан ёсоор 125 орны 758 жүдоч барилдах юм.

Энэ удаагийн ДАШТ-ийг дэлхийн 190 гаруй оронд шууд дамжуулна. Үүнээс Монгол Улсад SPS болон С1 телевиз шууд үзүүлэх аж. Үүнээс гадна Ippon.tv цахим хаягаар хүлээн авч үзэх боломжтой. Аль улсад ямар телевиз дамжуулах эрхтэйг харахыг хүсвэл энд дарна уу.

Хэсгийн барилдаан манай цагаар 14:00 цагаас эхэлнэ. Харин финалын барилдаан 20:00 цагаас үргэлжлэх юм.

Энэ удаагийн ДАШТ-ий хамгийн сүүлийн өдөр буюу энэ сарын 27-нд холимог багийн барилдаан болно. Тус тэмцээнд Өмнөд болон Хойд Солонгосын баг нэгдэж оролцох юм. Багийн барилдаанд нийт 19 улс оролцох бөгөөд Япон, Бразил, Герман чансаагаараа эхний гуравдугаарт бичигдэж буй. Харин хоёр Солонгосын нэгдмэл баг дөрөвдүгээрт жагсаж байгаа аж.

Холимог багийн тэмцээн эрэгтэйчүүдийн 73 кг жингийн барилдаанаар нээлтээ хийнэ. Монголын шигшээ багийн хувьд эхний тойрогт Японы багтай учраа таарсан. Тэднийг ялвал Азербайжан, Австрийн ялсантай нь оноолт таарах хуваарьтай.

Сонирхуулахад, Францын алдарт жүдоч Тэдди Ринер энэ удаагийн ДАШТ-д оролцохгүй. Тэрбээр тамирчдын комиссын даргын үүрэгт ажлаа гүйцэтгэж буй юм. Гэхдээ ирэх нэгдүгээр сард бэлтгэлдээ эргэн орж, Токио 2020 зуны олимпод бэлдэнэ гэдгээ мэдэгджээ.

Багийн тэмцээний оноолтыг харахыг хүсвэл энд дарна уу.