Баку 2018: Д.Сумъяа, Г.Одбаяр нар барилдана

2888

Жүдо бөхийн ДАШТ Азербайжаны Баку хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр эмэгтэй 57, эрэгтэй 73 кг-д аварга тодрох юм.

Эмэгтэйчүүдийн 57 кг-д олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хүрэлтэй Д.Сумъяа, Л.Энхрийлэн, эрчүүдийн 73 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Г.Одбаяр, Ц.Цогтбаатар нар хүч сорино.


ЭМЭГТЭЙ 57 КГ: (52 жүдоч)

  • А хэсэг) 

Манай гол найдвар Д.Сумъяа энэ жинд дэлхийн чансааг тэргүүлж буй. Тэрбээр эхний тойрогт хийлээд Сербийн Йована Рогич, Испанийн Саион Экуисоан нарын ялсантай нь 32-т барилдах юм. Түүний хэсэгт Риогийн олимпийн аварга Бразилын Рафаэла Сильва багтсан нь олны анхаарлыг татаж байна. Түүнчлэн Канадын залуу од Жессика Климкаит, өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт Францын Хелен Ресеву нарыг мартаж болохгүй.

  • Б хэсэг)

Германы залуу од Тереса Столл энэ хэсгийг тэргүүлж буй. Энэ хэсэгт ДАШТ-ий хүрэл медальт, унгар бүсгүй Хедвиг Каракас, дэлхийн хошой хүрэлтэй, Панамын гол найдвар Мариам Ропер, өнгөрсөн жилийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн британи бүсгүй Некода Смити Давис, Япон гаралтай ч Тайванийн нэр дээр барилддаг Чен Лин Лен нар багтжээ. Энэ хэсгээс дээрх тавын хэн нь ч гарч магадгүй.

  • С хэсэг)

Өнгөрсөн жилийн ДАШТ-ий мөнгөн медальт, Японы Цүкаса Ёшида харьцангүй сул хэсэг сугалжээ. Түүний жинд олимпийн хүрэл, ДАШТ-ий таван мөнгө, нэг хүрэлтэй Португалын алдарт жүдоч Телма Монтейру бий. Түүнчлэн энэ хэсэгт Л.Энхрийлэн орсон юм. Тэрбээр эхний тойрогт хийлээд Узбекистаны Амина Мамедова, БНСУ-ын Юү Жён Вон нарын ялсантай нь барилдах юм.

  • Д хэсэг)

Косовогийн Нора Гяковагийн тэргүүлсэн хэсэгт ДАШТ-ий хошой хүрэлтэй Австрийн Сабрина Филцмосер, олимпийн хүрэл,дэлхийн аварга Францын Присцилла Ньето, япон гаралтай ч Канадын иргэншилтэй Криста Дегүчи, Румыний Корина Стефан нар орсон аж. Ялангуяа К.Дегүчиг шигшээд шалгарна гэж шинжээчид таамаглаж буй.


ЭРЭГТЭЙ 73 КГ: (82 жүдоч)

  • А хэсэг)

Дэлхийн аварга цолоо хамгаалах зорилготой Японы Соичи Хашимотог зогсоох хүн энэ хэсэгт ховор. Парисын Их Дуулга тэмцээнд түрүүлсэн Косовогийн Акил Гякова л түүнтэй өрсөлдөх болов уу.

  • Б хэсэг)

ДАШТ-ий хүрэл медальт Г.Одбаяр эхний тойрогт хийлээд Германы Антони Цингг, Бельгийн Дирк Ван Тичельт нарын ялсантай нь барилдана. Түүний жинд Азербайжаны Хидает Хэйдаров бий.

  • С хэсэг)

Ц.Цогтбаатарын багтсан энэ хэсгийг “үхлийн хэсэг” гэхэд буруудахгүй. Олимп, дэлхийн мөнгөн медальт Азербайжаны Рустам Оружов, Молдав гаралтай ч Арабын Нэгдсэн Эмиратын нэр дээр барилддаг, ДАШТ-ий хүрэл медальт Виктор Скворцов, олимпийн аварга, Италийн Фабио Базель, ДАШТ-ий хошой хүрэлтэй, БНСУ-ын Ан Чанг Рим, Канадын гол найдвар Артур Маргелидон гээд олон шилдгүүд багтсан юм. Ц.Цогтбаатар эхний тойрогт гоц мөргөөд дараагийн даваанд Ф.Базель, Португалын Нуно Сараива нарын ялсантай нь хүч үзнэ. Энэ даваагаа давбал Узбекистаны Г.Бобоев, Тажикстаны С.Махмадбеков нарын ялсантай нь барилдах хуваарьтай. Хоёр давбал нутгийн бөх Р.Оружов, “молдав цагаач” В.Скворцов нарын гарч ирсэнтэй нь оноолт таарна.

  • Д хэсэг)

Шведийн Томми Мачиас энэ хэсгийг тэргүүлж буй. Лондоны олимпийн аварга, Риогийн олимпийн хүрэлтэй, Гүржийн Лаша Шавдатуашвили энэ хэсгээс тодрох магадлалтай юм.