Доржсүрэнгийн Сумъяа дэлхийн дэвжээнээс гурав дахь медалиа хүртлээ

2749

Жүдо бөхийн гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 57 кг жингийн барилдаан явагдлаа. Энэ жинд хагас шигшээд өнгөрсөн жилийн дэлхийн аварга Д.Сумъяа, мөнгөн медальт Японы Цүкаса Ёшида, Их Британийн Некадо Смайт Давис, Канадын Криста Дегүчи нар шалгарч үлдсэн. Түүнчлэн эрэгтэйчүүдийн 73 кг жинд алтан медальтан тодорсон юм.


ЭМЭГТЭЙ

-52 кг: Цүкаса Ёшида дэлхийн хошой медальтан боллоо

Өнгөрсөн жилийн ДАШТ-ий шигшээд Д.Сумъяатай хүнд барилдаан хийж, мөнгөн медаль хүртэж байсан Японы Ц.Ёшида энэ удаад алдаагаа давтсангүй. Тэрбээр финалд учраа таарсан Их Британийн Н.Смайт-Дависыг 80 секундэд хоёр дараалан вазари авснаар анх удаа дэлхийн аварга боллоо. Ц.Ёшида эмэгтэйчүүдийн 57 кг-д дэлхийн аварга болж буй дөрөв дэх япон жүдоч боллоо. Түүнээс өмнө Каори Мацүмото 2010, 2015, Аико Сато 2011, Нае Юдака 2014 онд энэ жинд түрүүлж байв.

1997 онд Их Британиас хамгийн сүүлд жүдогийн дэлхийн аварга болж байсан Кэйт Ховэйгийн шавь Н.Смайт-Давис багшийнхаа амжилтыг 21 жилийн дараа давтах дөхсөн ч чадсангүй. Гэхдээ Их Британиас есөн жилийн дараа дэлхийн дэвжээнээс медальтан төрлөө. Британи бүсгүй өнгөрсөн жил шагналт V байранд орсон удаатай.

Энэ жинд хүрэл медалийг Канадын Криста Дегүчи хүртсэн. Анх Японыхоо нэр дээр тэмцээнд оролцож, залуучуудын ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртсэн К.Дегүчи хожим Канадын иргэншилтэй болсон. Ийнхүү тус улсын түүхэнд жүдогийн ДАШТ-ээс медаль хүртсэн ес дэх, анхны эмэгтэй жүдоч боллоо.

Монголын Доржсүрэнгийн Сумъяа аваргаа хамгаалах даалгавараа биелүүлж чадаагүй ч медалийн тавцангаас холдсонгүй. БНСУ-ын Юү Жён Вонтой медалийн төлөө хүч сорьсон тэрбээр зургаан минутын турш хүнд барилдаан хийж, эцэст нь иппоноор буулган авлаа. Ийнхүү Д.Сумъяа сүүлийн дөрвөн ДАШТ-д дараалан медалийн төлөө барилдаж, алт, хошой хүрэл медальтай боллоо. Монголын жүдогийн түүхэнд түүнээс өөр ДАШТ-ээс гурван медаль хүртсэн жүдоч одоогоор алга.

Шигшээ барилдаан

Цүкаса Ёшида (Япон) – Некода Смайт-Дэвис (Их Британи)

Хүрлийн барилдаан

Доржсүрэнгийн Сумъяа (Монгол) – Юү Жён Вон (БНСУ)

Криста Дегүчи (Канад) – Тереса Столл (Герман)

Хагас шигшээ

Цүкаса Ёшида (Япон) – Криста Дегүчи (Канад)

Некода Смайт-Дэвис – Д.Сумъяа (Монгол)

Үр дүн:

1. Цүкаса Ёшида (Япон)

2. Некадо Смайт-Дэвис (Их Британи)

3. Криста Дегүчи (Канад)

3. Д.Сумъяа (Монгол)

5. Тереса Столл (Герман)

5. Юү Жён Вон (БНСУ)

7. Хелен Рекеву (Франц)

7. Нора Гякова (Косово)


ЭРЭГТЭЙ

-73 кг: Ан Чан Рим япончуудын ноёрхлыг зогсоов

Эрэгтэйчүүдийн 73 кг дэлхийн аварга цолоо хамгаалж буй Японы Соичи Хашимото, БНСУ-ын Ан Чан Рим нар аваргын төлөө барилдсан. Шигшээд анх удаа тунаж үлдсэн солонгос эр хүчтэй өрсөлдөгчөө иппон үнэлгээгээр буулган авснаар 73 кг-д шинэ аварга мэндэллээ. Үүгээр ч зогсохгүй 2009 оноос хойш анх удаа Японоос өөр орны жүдоч энэ жинд түрүүлсэн юм. Тэр жил Ан Чан Римийн нутгийн жүдоч Чун Ван Ки аварга болсон юм. Түүнээс хойш Японы Хироюки Акимото (2010), Рики Накаяа (2011, 2014), Шохэй Оно (2013, 2015), Соичи Хашимото (2017) түрүүлсэн юм.

Энэ жинд Монголын хоёр жүдоч болох Г.Одбаяр, Ц.Цогтбаатар нар хоёул торгуулийн тойрогт ялаад хүрэл медалийн төлөө барилдсан ч медаль хүртэж чадсангүй. Манай жүдочид ижилхэн V байрт орсон юм. Ц.Цогтбаатар тун хэцүү сугалаа татсан ч нутгийн бөх, олимп, дэлхийн мөнгөн медальт Рустам Оружовыг ялсан. Улмаар хэсгийн аваргын төлөө БНСУ-ын Ан Чан Римд хожигдсон юм.

Торгуулийн тойрогт Гүржийн алдарт бөх, олимпийн алт, хүрэл медальтай Лаша Шавдатуашвилиг урам мэхээр ялснаар анх удаа хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон.

Харамсалтай нь, нутгийн бөх Хидият Хейдаровыг барсангүй. Г.Одбаярын хувьд торгуулийн тойрогт Казахстаны Жансай Смагуловыг илт илүүрхсэн ч Ираны жүдоч Мохаммад Мохаммадид ялагдаад хоосон хоцорлоо.

Шигшээ барилдаан

Ан Чан Рим (БНСУ) – Соичи Хашимото (Япон)

Хүрлийн барилдаан

Хидият Хейдаров (Азербайжан) – Ц.Цогтбаатар (Монгол)

Мохаммад Мохаммади (Иран) – Г.Одбаяр (Монгол)

Хагас шигшээ 

Ан Чан Рим (БНСУ) – Мохаммад Мохаммади (Иран)

Соичи Хашимото (Япон) – Хидият Хейдаров (Азербайжан)

Үр дүн:

1. Ан Чан Рим (БНСУ)

2. Соичи Хашимото (Япон)

3. Хидият Хейдаров (Азербайжан)

3. Мохаммад Мохаммади (Иран)

5. Ц.Цогтбаатар (Монгол)

5. Г.Одбаяр (Монгол)

7. Жансай Смагулов (Казахстан)

7. Лаша Шавдатуашвили ( Гүрж )