Дакар 2022: Сенегал улс 2022 оны Залуучуудын олимпийг зохион байгуулахаар боллоо

1188

Аргентинийн нийслэл Буэнос-Айрес хотод болж буй Олон улсын олимпийн хорооны 133 дахь чуулганаар 2022 оны Залуучуудын зуны IV олимпийг зохион байгуулах улсыг албан ёсоор зарлав. Сенегалын нийслэл Дакар хотод дөрвөн жилийн дараа залуу одод цугларах болсон юм.

Сенегалын Ерөнхийлөгч Маки Салл чуулга уулзалтад оролцож буй. Тэрбээр өөрсдөд нь итгэл хүлээлгэсэн олимпийн хорооны гишүүдэд талархал илэрхийлээд 50 мянган хүний суудалтай шинэ цэнгэлдэх барихаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв. Түүнчлэн замын түгжрэлийг бууруулах зорилгоор шинэ төмөр зам барихаар болсон аж. Залуучуудын зуны олимпийг тавдугаар сар эсвэл зургадугаар сард зохион байгуулах төлөвтэй байна. Ингэснээр халуун орны өвчний эрсдлийг бууруулна гэж зохион байгуулагчид таамаглаж байгаа юм.

Олон улсын олимпийн хорооны тэргүүн Томас Бах “Африкийн цаг ирсэн” хэмээн уг шийдвэрээ танилцуулах үедээ онцолсон аж.