Шри Ланк улс 500 спортын клуб, төв байгуулна

2023

Шри Ланк улсын ерөнхий сайд Ранил Викремесинг тус улсын Засгийн газраас их спортын хөгжилд зориулж, бага, дунд сургуульд 500 спортын клуб, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах спорт төв байгуулахаар төлөвлөж байгаагаа зарлав. Тус улсад 34 дэх удаагийн Бүх Арлын сурагчдын спортын фестивал наадам зохион байгуулж буй. Энэ үеэр Засгийн газрыг төлөөлөн ерөнхий сайд Р.Викремесинг “Манай Засгийн газар ирэх гурван жилд дүүрэг бүрт спорт төв байгуулахаар төлөвлөсөн. Нийт 500 спорт клуб, төв байгуулна” гэж мэдэгджээ. Эдгээр клуб, спортын төвийг бага, дунд болон ахлах сургуулиудтай уялдуулан, тэдгээр сургуулийн дэргэд байгуулах бололтой.

Шри Ланк улс өнгөрсөн есдүгээр сард Индонезийн Жакарта хотод болсон Азийн наадмын төрөл бүрт тамирчнаа илгээсэн ч медаль хүртэж чадаагүй есөн улсын нэг болсон юм.

“Ирээдүйд манай тамирчид зөвхөн оролцоод ирэх бус медаль авдаг болохын тулд Засгийн газраас тусгай хөтөлбөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн” гэж тус улсын 10 дахь ерөнхий сайд Ранил Викремесинг онцолжээ.

Шри Ланкийн олимпийн хороонд ерөнхий сайдын спортыг дэмжих сан байгуулсан. Энэ оны эхээр байгуулагдсан тус санд энэ жил 50 сая рупе (294 мянган ам.доллар) зарцуулахаар төлөвлөсөн аж. Түүнчлэн Засгийн газраас дээрх спорт клуб, төвүүдэд 3850 гаруй дасгалжуулагч, багш нар ажлуулахаар төлөвлөсөн гэнэ.

Шри Ланк улсаас олимпийн медальтан хоёр тамирчин бий. 1948 оны Лондоны олимпийн 400 метрийн саадтай гүйлтийн төрөлд Данкан Уайт мөнгөн медаль хүртэж байсан бол 2000 онд 200 метрийн гүйлтийн төрөлд Сусантика Жаясинг мөнгөн медаль хүртсэн түүхтэй. Тэд бол Өмнөд Азийн орнуудаас хөнгөн атлетикийн төрөлд олимпоос медаль хүртсэн анхны тамирчид юм.