Будапешт 2018: Америкчуудын наадам болов

1057

Унгарын нийслэл Будапешт хотод болж буй 15 дахь удаагийн бөхийн төрлүүдийн ДАШТ-д өнөөдөр эрэгтэй 57, 65, 79, 92 кг жингийн аваргууд тодорлоо. Манайхаас хоёр бөх дагаж барилдсан ч 92 кг-д зодоглосон Л.Төртогтох V байр эзэлсэн юм.


ЭРЭГТЭЙ 57 КГ:

  • Алт: Завур Угуев (ОХУ) 4:3 Нурислам Санаев (Казахстан)
  • Хүрэл: Сулейман Атли (Турк) 5:4 Томас Гилман (АНУ)
  • Хүрэл: Юүки Такахаши (Япон) 5:4 Рейнери Ортега (Куба)

Өсвөрийн дэлхийн хошой аварга З.Угуев насанд хүрэгчдийн ангилалд аваргаллаа. Түүнтэй алтын төлөө Артас Санаа гэх нэрээ Нурислам Санаев болгосон тува эр хүч сорьсон юм. Оросын багийн хоёр дахь алтыг З.Угуев авчээ.  Өнгөрсөн жилийн дэлхийн аварга Японы Юүки Такахаши, u23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Туркийн Сулейман Атли нар хүрэл медаль хүртлээ.


ЭРЭГТЭЙ 65 КГ:

  • Алт: Такүто Отогүро (Япон) 16:9 Бажран Пуниа (Энэтхэг)
  • Хүрэл: Алехандро Вальдес (Куба) 10:0 Ли Сөн-Чоль (БНСУ)
  • Хүрэл: Ахмед Чакаев (ОХУ) 9:4 Жорж Бушур (Румын)

Японы шинэ од Такүто Отогүро 19 насандаа насанд хүрэгчдийн ДАШТ-д түрүүлж, Японы чөлөөт бөхийн түүхэнд хамгийн залуудаа аваргалсан тамирчин боллоо. Японы домогт бөх, Монреалийн олимпийн аварга Юүжи Такада 1974 онд 20 насандаа дэлхийн аварга болж байв. Түүний энэ амжилтыг Т.Отогүро шинэчилсэн юм. Сонирхуулахад, тэрбээр ирэх арванхоёрдугаар сарын 13-нд 20 нас хүрэх аж.

Энэтхэгийн Бажран Пуниа тус улсаас ДАШТ-ий шигшээд шалгарсан дөрөв дэх бөх болсон ч нутгийн ах Сушил Кумарын 2010 онд түрүүлсэн амжилтыг давтаж чадсангүй. Энэтхэгийн эрэгтэй чөлөөт бөхийн түүхэнд дээрх хоёроос гадна Амит Дахияа (2013), Бишамбар Синг (1967) нар л шигшээд шалгарч мөнгөн медаль хүртэж байв. Түүнчлэн ДАШТ-ээс Удей Чанд (1961), Рамеш Кумар (2009), Нарсинг Ядев (2015) нар хүрэл медаль хүртсэн түүхтэй.

Энэ жинд Куба, ОХУ-ын бөхчүүд хүрэл медаль хүртсэн юм.


ЭРЭГТЭЙ 79 КГ:

  • Алт: Кайл Дейк (АНУ) 2:0 Жабраил Хасанов (Азербайжан)
  • Хүрэл: Али Шабану (Беларусь) 8:8 Аббас Акбаризаринколае (Иран)
  • Хүрэл: Ахмед Гаджимагомедов (ОХУ) 10:0 Давит Куцишвили (Гүрж)

АНУ-ын оюутны аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа түрүүлсэн ховорхон амжилтын эзэн Кайл Дейк удаан хүлээсэн түрүүгээ хүртлээ. Өдгөө 27 настай ч К.Дейк сонгон шалгаруулах тэмцээнд Жордан Барроуст дарагддаг учир том тэмцээнд явж үзээгүй. Тодруулбал, 2013, 2015, 2017 оны ДАШТ-ий сонгон шалгаруулалтад Ж.Барроуст ялагдаж, 2016 оны олимпийн сонгон шалгаруулалтад жин өгсөөд 86 кг-д оролцсон ч Жи’ден Коксыг бараагүй юм.

Харин өнгөрсөн жил Парисын гранприд түрүүлснээр дэлхийд үзэх хүчтэн гэдгээ нотолсон тэрбээр энэ онд жин өгсөж, Иван Ярыгиний нэрэмжит тэмцээнээс мөнгө, Яшар Догуд алтан медаль хүртсэн. Тэгвэл дэлхийн дэвжээнд анх удаа оролцоод алтан медаль зүүлээ. Аваргын төлөө Риогийн олимпийн хүрэл, ДАШТ-ий хос хүрэлтэй Азербайжаны Ж.Хасановыг ялсан юм.


ЭРЭГТЭЙ 92 кг:

  • Алт: Жи’ден Кокс (АНУ) 4:1 Иван Янкоуски (Беларусь)
  • Хүрэл: Алиреза Каримимачиани (Иран) 12:1 Дато Марсагишвили (Гүрж)
  • Хүрэл: Ацүши Мацүмото (Япон) 6:5 Л.Төртогтох (Монгол)

Л.Төртогтохыг урьдчилсан шатанд ялсан Беларусийн Иван Янкоуски аваргын төлөө шалгарч үлдсэн тул манай бөх дагах барилдаанд орсон юм. БНСУ-ын Ли Ён Күг 4:0-ээр ялсан Л.Төртогтох хүрлийн төлөө Японы Ацүши Мацүмототой барилдсан ч харамсалтай нь, 6:5-аар ялагдаад шагналт V байранд орлоо.

Энэ жинд олимп, дэлхийн хүрэл медальт, АНУ-ын Жи’ден Кокс жин өгсөж оролцоод түрүүлэв. Ийнхүү АНУ-ын эрэгтэй шигшээ баг 1995 оны ДАШТ-ээс хойш анх удаа гурван алтан медальтай боллоо. Кайл Дейк болон Жи’ден Кокс нар олимпийн бус жинд аваргалсан. Харин 2020 оны олимпийн сонгон шалгаруулалтад Ж.Кокс буцаад 86 кг-д өрсөлдөж, энэ жилийн дэлхийн аварга Дэвид Тэйлортай өрсөлдөх болов уу. Харин К.Дейкийн хувьд 74 кг-д Ж.Барроустай өрсөлдөх юм.