Бокс: Н.Төгсцогтын өрсөлдөгчтэй танилц

791

Мэргэжлийн боксын ертөнцөд Монгол Улсынхаа нэрийг гаргаж яваа Нямбаярын Төгсцогтын дараагийн өрсөлдөгч тодорхой болжээ. Одоогоор өрсөлдөгчийн нэр нь тодорхой болсон ч тулаан яг хэзээ болох нь тодорхойгүй байна. Түүний дараагийн өрсөлдөгч нь 29 настай, Доминиканы боксчин Клаудио Маррейро юм.

WBC холбооны чансаагаар дөрөвдүгээрт жагсаж буй К.Маррейро нийт 25 тулаан хийснээс 23-т нь ялсан. Тэрбээр өмнө нь хоёр холбооны аваргын бүс эзэмшиж байсан аж.

Н.Төгсцогтын хувьд өнгөрсөн тавдугаар сард 10 дахь ялалтаа байгуулсан. Харин энэ удаагийн өрсөлдөгч К.Маррейрогийн хувьд сонирхогчдын боксоор Пан Америкийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж, 2008 оны Бээжингийн олимпод Кубын Янкьель Леонд ялагдаж байв. Түүнчлэн 2007, 2009 оны ДАШТ-д оролцсон туршлагатай.

Клаудио Маррейро хоёр ч удаа дэлхийн аваргын бүс эзэмшиж байв

Мэргэжлийн боксын ертөнцөд Аргентинийн Хесус Куэльяр, Пуэрто Рикогийн Хесус Рохас нарт ялагдаж, аваргын бүсээ алдсан. Гэхдээ хамгийн сүүлд өнгөрсөн дөрөвдүгээр сард Мексикийн Хорхе Лараг эхний үед буулган авсан юм. Түүний жин 57.27 кг, биеийн өндөр нь 173 см, гарын урт нь 174 см аж. Нийт 23 ялалтынхаа 17-г нь хүнд цохилтоор буулган авсан.

Н.Төгсцогтын хувьд бэртлээ бүрэн эдгэртэл дараагийн тулаанаа хийгээгүй удсан ч өнгөрсөн долоо хоногт өөрийн цахим хуудсаар дамжуулан Лас Вегаст тулалдана гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ одоогоор гэрээний дэлгэрэнгүй мэдээлэл ил тод болоогүй байна.