Жүдо: “Чоно” хочит Каори Мацүмото их спортоо орхилоо

1672

Лондоны олимпийн аварга, дэлхийн хошой алтан медальт Японы жүдоч Каори Мацүмото их спортоо орхилоо.

Өнгөрсөн жил охиноо төрүүлсэн ч их спортод эргэн ирж, ирэх жилийн ДАШТ-ий урьдчилсан шатны тэмцээний нэг болох Кодокан цомын тэмцээнд оролцсон ч эхний шатанд ялагдсан юм. Үүний дараа их спортоо орхиж буйгаа мэдэгдэв.

“Ялагдсандаа сэтгэлээр унаагүй. Одоо ирээдүйгээ бодох цаг болсон. Хэрвээ би түрүүлэхийн төлөө тэмцэж чадахгүй бол амьдралынхаа үлдсэн хугацаанд юу хийх талаар бодох хэрэгтэй” гэж 31 настай жүдоч сэтгүүлчдэд ярьжээ.

К.Мацүмото Риогийн олимпод хүрэл медаль хүртэж, өнгөрсөн оны долдугаар сард охинтой болсон юм.

К.Мацүмото олимпийн алт, хүрэлтэй, ДАШТ-ий хошой аварга, нэг хүрэлтэй, “Гуанжоу 2010” Азийн наадмын аварга, Ази тивийн аварга, IJF-ийн цуврал тэмцээнээс 14 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн. Бүх Японы дөрвөн удаагийн аварга. Тэрбээр 2005-16 оны хооронд нийт 165 барилдаан хийж, 146-д нь ялалт байгуулж, ердөө 19 удаа ялагдсан. Монголын шилдгүүдийн нэг Д.Сумъяатай 6 удаа таарч, дөрөвт нь ялж байв. Тодруулбал, Астанагийн ДАШТ-д манай тамирчныг ялсан бол Риогийн олимпод Д.Сумъяад ялагдсан удаатай.