UFC: Конор Макгрегор жолоодох эрхээ зургаан сараар хасуулав

1572

UFC холбооны тулаанч Конор МакГрегор хурд хэтрүүлсэн тул авто машин жолоодох эрхээ зургаан сараар хасуулжээ.

Өдгөө 30 настай ирланд эр 2017 оны аравдугаар сард Дублин хотын ойролцоо “Рэйнж Ровер” маркийн авто машинтайгаа 100 км цагийн хурдтай явах дээд хязгаартай зам дээр 154 км цагийн хурдтай явж байгаад саатуулагдсан юм. К.МакГрегор шүүх танхимд хурд хэтрүүлсэндээ албан ёсоор уучлалт гуйсан боловч шүүгч түүнийг 1000 еврогоор торгоод зогсохгүй жолоо барих эрхийг нь зургаан сараар хасах шийдвэр гаргажээ.

Конор өмнө нь 12 удаа хурд хэтрүүлэх гэх мэт зөрчил гаргаж байсан аж. Гэхдээ энэ нь түүнийг алдар нэртэй болохоос өмнөх явдал бөгөөд шүүгч насанд хүрсэн ч засарсангүй хэмээн зэмлэсэн гэнэ.

“Хурд хэтрүүлэх зуршил бол зам дээр гарч буй дийлэнх ослын гол шалтгаан. Хэрвээ буруугаар эргэвэл хүний аминд ч хүрэх аюултай” гэж шүүгч Дэсмонд Зайдан гаргасан шийдвэрээ тайлбарлажээ.