UFC: Конор Макгрегорын фанатыг дахин тулаан үзэхийг нь хориглов

1132

Холимог тулаан сонирхогч, Ирландын иргэн Дэвид Мартин хэмээх эр UFC 229 тулааны дараа цахим ертөнцөд од болсон юм. Тэрбээр Хабиб Нурмагомедов, Конор МакГрегор нарын тулааны үеэр бужигнаан болсныг ашиглаад октагон дотор орсон юм. 

Конор МакГрегорын дэмжигч Дэвид Мартин хэмээх 41 настай эр октагон дотор бужигнаан болж, хамгаалагчдын анхаарал суларсан явдлыг ашиглаад октагон дотор орж, дэмждэг тамирчнаа тайвшруулаад амжсан. Энэ үйл явдлынхаа бичлэгийг цахим хуудсандаа оруулснаар хэвлэлийнхэнд танигдсан эр дараа нь Конор алуулж магадгүй учраас түүнийг хамгаалахаар дэвжээнд орсон гэж тайлбарласан билээ.

Харин UFC энэ явдлыг зүгээр өнгөрүүлсэнгүй. Одоо Калифорниа мужид амьдарч байгаа Дэвид Мартиныг дахин UFC тулаан үзэхийг хоригложээ. Энэ талаар тус холбооноос сануулга бичиг авсан Д.Мартин өөрийн инстаграм хуудсандаа тавьсан ч удалгүй устгасан байна.

Тэр бичигт “Таны үйлдэл UFC-гийн тамирчид болон бусад оролцогчид бас албаны ажилчдын аюулгүй байдалд заналхийлж байна” гэж онцолсон аж.