Мастерс: Манай бөхчүүдийн сугалаа (эмэгтэй)

928

Маргааш эхлэх жүдо бөхийн Мастерс тэмцээний сугалаа өнөөдөр гарлаа. Энэ тэмцээнд эрэгтэйчүүдээс 60, 66, 73, 81, -100, +100 эмэгтэйчүүдийн 48, 57, 63 кг-д манай бөхчүүд өрсөлдөх юм.


48 кг:

М.Уранцэцэг – Ли Яан Ан (БНХАУ)

Энэ тэмцээнд оролцож буй тамирчдыг чансаагаар тэргүүлж буй Урнаа гавьяат дэлхийн чансааны 32-т бичигдэж буй нутгийн бөх Ли Яан Антай эхний даваанд учраа таарлаа. Украины залуу од Дария Билодид нэрээ татсан тул түүний оронд нутгийн жүдоч орж байгаа юм. Урнаа гавьяат өмнө нь Ли Яан Антай учраа таарч байгаагүй. Ли анх удаа Мастерс тэмцээнд оролцож буй.

Түүнийг ялвал Украины Марина Черниак, Испанийн Жулия Фигуэроагийн ялсантай нь хүч үзнэ. Европын хошой хүрэлтэй М.Черниак, Их Дуулга тэмцээний хоёр түрүүтэй Ж.Фигуэроатай манай бөх өмнө нь тус бүр гурван удаа барилдаж, хоёрт нь ялж байв.


57 кг:

Д.Сумъяа – Хедвиг Каракас (Унгар)

Мастерс тэмцээний дөрвөн алттай Д.Сумъяа эхний тойрогт Унгарын Хедвиг Каракастай барилдана. Тэд өмнө нь дөрвөн удаа таарч барилдахад бүгдэд нь манай жүдоч ялсан билээ. Х.Каракас ДАШТ-ээс хүрэл, Мастерс тэмцээний хошой хүрэлтэй нэгэн. 

Энэ жил өнгөтэй байгаа Канадын Жессика Климкэйт, Израилийн Тимна Нелсон Леви нар “С” хэсэгт оржээ. Д.Сумъяа Жессикатай өмнө нь хоёр удаа таарсан. Бакугийн ДАШТ-ий татамид манай жүдоч туршлагаа харуулсан бол Осакагийн Их Дуулгад канад бүсгүй илүүрхсэн билээ. Харин Т.Нелсон Левитэй өмнө нь барилдаж байгаагүй юм.


63 кг:

Б.Мөнгөнчимэгт сугалаа хатуу таарав. Эхний тойрогт Австралийн Катарина Хаекертай юм. Герман цустай ч Австралийн нэр дээр барилддаг Катарина өмнө нь манай жүдочтой барилдаж байгаагүй. Түүнийг ялвал олимпийн мөнгө, дэлхийн гурван алт, хошой мөнгөтэй Францын Клариссе Агбегнену, Их Британийн Алисе Шлесингер нарын ялсантай нь хүч үзнэ.

К.Агбегнену аваргатай манай жүдоч өмнө нь дөрвөн удаа барилдсан. Өнгөрсөн жил Будапештийн ДАШТ, Мастерс тэмцээнээс учраа таарч хожигдож байв.