Эмгэнэл: Цэндийн Дамдин 60 насандаа бурхан боллоо

1807

1980 оны Москвагийн олимпын мөнгөн медальт, Монголын жүдочдоос хамгийн анх олимпын медальд хүрсэн Цэндийн Дамдин багш 60 насандаа таалал төгслөө.

Ц.Дамдин нь 1976 оноос хойш Монголын үндэсний шигшээ багийн гишүүнээр сонгогдож, дөрвөн жилийн дараа Москвагийн олимпоос мөнгөн медаль хүртэж байв. Тэрбээр жүдо бөхийн долдугаар дантай бөгөөд 1979 онд самбо бөхийн дэлхийн аварга болсон билээ. Тамирчны замналаа дуусгаад шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажилласан түүхтэй. Түүний удирдсан баг 1989 оны жүдо бөхийн ДАШТ-д мөнгө, хүрэл медаль хүртэж байв.

Үүгээр ч зогсохгүй тэр албан ёсны томоохон тэмцээн уралдаанд шүүгчдийн багийг удирдаж байлаа. Тодруулбал, 2007 онд Бразилын Рио де Жанейро хотод болсон ДАШТ, Азийн наадам, Ази тивийн АШТ-д ажилласан түүхтэй.

Олимпын анхны мөнгөн медальт жүдоч Ц.Дамдин улс эх орондоо жүдо бөхийн спортыг хөгжүүлэх үйлсэд зүтгэж явсан нэгэн. Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн үүрэгт ажилд томилогдож, нэр төртэй гүйцэтгэж байлаа. Улмаар Монголын үндэсний олимпын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, дэд ерөнхийлөгчөөр сонгогдож ажилласан билээ.

Түүний нөр их хөдөлмөрийг төр засгаас өндрөөр үнэлж, 1979 онд Монгол улсын гавьяат тамирчин цол тэмдгээр, 2008 онд Бээжингийн олимпоос Найдангийн Түвшинбаяр алтан медаль хүртсэний дараагаар Ардын багш цол тэмдгээр шагнасан түүхтэй.

Олон улсын жүдо бөхийн холбооноос Монголын жүдо бөхийн холбоо, Монголын үндэсний олимпын хороо болон талийгаачийн ар гэр, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлж байгаагаа өөрсдийн цахим хуудсаар дамжуулан мэдэгджээ.