Чөлөөт бөх: Оны шилдэг бөхчүүд тодров

994

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 2018 оны шилдэг бөхчүүдийг зарлав. 

Оны шилдэг эрэгтэй тамирчнаар АНУ-ын Дэвид Тэйлор, эмэгтэй бөхөөр Финландын Петра Олли, сонгомол бөхийн шилдгээр Унгарын Петер Бачи нар тодорлоо.

Холбооноос шилдгээр шалгарсан тамирчдыг 10 мянган швейцарь франк буюу 10170 ам.доллароор урамшуулсан юм.

АНУ-ын бөх Дэвид Тэйлор эрэгтэйчүүдийн 86 кг-д барилддаг. Тэрбээр энэ онд чансааны 112 оноо авсан юм. Д.Тэйлор дэлхийн аварга болоод зогсохгүй Пан Америкийн аварга, Иван Ярыгин болон Яшар Догугийн нэрэмжит тэмцээнд түрүүлсэн.

Эмэгтэйчүүдийн 62 кг жингийн тамирчин Петра Олли 110 оноогоор тэргүүлсэн. Финландаас төрсөн анхны эмэгтэй дэлхийн аваргаар тодорсон тэрбээр тивийнхээ аварга болж, “Клиппан” эмэгтэйчүүдийн чансаа олгох тэмцээнд түрүүлж, Польшийн нээлттэй тэмцээнд мөнгөн медаль хүртсэн юм.

Сонгомол бөхийн 82 кг-д 82 оноогоор тэргүүлсэн Унгарын Петер Бачи 35 насандаа дэлхийн хошой аварга болсон билээ.