Бокс: Клаудио Марреро “Би Н.төгсцогтыг ялна”

693

Энэ сарын 27-нд (Улаанбаатарын цагаар) АНУ-ын Бруклин хотод мэргэжлийн боксын томоохон тулаан болно. Дунд жингийн ялагдаагүй аварга Кэйт Турман (26-0-0) бүсээ хамгаалах тулааныг Хосесито Лопесын (36-7-0) эсрэг хийх юм.

Гэхдээ бидний хувьд энэ тулаан чухал бус. Харин эзэнгүй байгаа IBO холбооны аваргын бүсийн төлөөх тулаан, цаашлаад WBC холбооны дэлхийн аваргын бүсийн төлөө тулалдах эрхийн төлөө Монголын Нямбаярын Төгсцогт, Доминиканы Клаудио Марреротой тулалдах юм.

Уг тулаан тус хоёр боксчны хувьд маш чухал. Тэгвэл К.Марреро нутгийнхаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ сард хийх тулааныхаа талаар ярьжээ.

“Н.Төгсцогт бол аюултай өрсөлдөгч. Гэхдээ түүнийг ялахын төлөө бүхнийг хийнэ. Энэ тулаан миний замналын хамгийн чухал тулаан учир ялахыг хүсч байна”

К.Марреро (Доминиканы хэвлэлд өгсөн ярицлагадаа онцлов)

Тэрбээр цааш нь үргэлжлүүлээд “Дахин дэлхийн аварга болохыг хүсч байна. Тиймээс өмнөхөөсөө илүү эрчтэй бэлтгэлээ базаасан. Н.Төгсцогтыг аюултай өрсөлдөгч гэдгийг мэднэ. Гэхдээ би ялах болно” гэсэн юм.

Сонирхуулахад, К.Марреро өмнө нь 25 тулаан хийж, 23-т нь ялсан. Үүнээс 17-г нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авчээ. Хамгийн сүүлд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Мексикийн боксчин, тухайн үед 27 ялалт байгуулж, нэг ч хожигдоогүй Хорхе Лараг 33 секундэд сөхрүүлсэн юм. Энэ хүнд цохилтыг өнгөрсөн оны шилдэг цохилтын нэгээр тодруулсан.

К.Марреро одоогоор АНУ-ын Флорида мужийн Орландо хотод бэлтгэлээ хийж байгаа аж.