Хоккей: Каапо Какко Финландыг аварга болголоо

1007

Канадын Ванкувер хотод 43 дахь удаагийн хоккейн залуучуудын ДАШТ өндөрлөв. Энэ тэмцээнд финландчууд түрүүлсэн юм.

Тус тэмцээний аваргын төлөө АНУ, Финландын баг тунаж, 3:2-оор суомичууд ялснаар 2013 оноос хойш гурав дахь алтан медалиа зүүлээ. Тоглолтын үндсэн цаг дуусахаас 1:26 минутын өмнө 2019 оны NHL-ийн драфтад нэр дэвшихээр төлөвлөж буй Каапо Каккогийн оруулсан гоолын ачаар ялалт байгуулав. К.Каккогийн хувьд тус тэмцээний хоёр дахь гоол, тав дахь оноогоо авсан юм. Ийнхүү финландчууд нийт тав дахь түрүүгээ авчээ.

Харин “Сэм авгын” залуус 1997 оноос хойш анх удаа мөнгөн медаль хүртлээ.

К.Каккогийн хожлын гоол

Хүрлийн төлөө ОХУ-Швейцарь өрсөлдсөн. Өнгөрсөн жил медаль байтугай хагас шигшээд ч шалгарч чадаагүй оросууд энэ удаад өрсөлдөгчөө 5:2-оор илүүрхэж, хүрэл медаль зүүлээ.

Тэмцээний шилдгүүд:

  • Райан Полинг (АНУ) – Шилдэг довтлогч, үнэ цэнэтэй тоглогч
  • Александер Романов (ОХУ) – Шилдэг хамгаалагч
  • Пётр Кочетков (ОХУ) – Шилдэг хаалгач

Шилдэг гараа:

  • Хаалгач: Укко-Пекка Луукконен (Финланд)
  • Хамгаалагч: Александер Романов (ОХУ)
  • Хамгаалагч: Эрик Браннстрём (Швед)
  • Довтлогч: Григори Денисенко (ОХУ)
  • Довтлогч: Филипп Курашев (Швейцарь)
  • Довтлогч: Райан Полинг (АНУ)