UFC: Жон Жонс – Энтони Смит тулалдахаар боллоо

1416

Өнгөрсөн оны төгсгөлөөр Александер Густафссоныг хагас хүнд жингийн дэлхийн аварга цолоо буцааж авсан Жон Жонс дараагийн өрсөлдөгчөө зарлав.

TMZ Sports цахим сайтын мэдээлснээр Ж.Жонсын дараагийн өрсөлдөгч нь Энтони Смит гэнэ. Тэд ирэх гуравдугаар сард болох UFC – 235-д тулалдахаар тохиролцжээ. Энэ тулааныг Лас Вегас хотод хийхээр төлөвлөсөн талаар UFC холбооны тэргүүн Дана Уайт ярьсан юм.

“Энэ сарын сүүлээр гэхэд Ж.Жонс Лас Вегаст болох тулаанд оролцох эрхээ сэргээх хүсэлтээ өгнө. Эрхээ авчихвал Ж.Жонс аваргын бүсээ хамгаалах тулааныг тус хотын Т-Мобил ордонд хийхээр төлөвлөж байгаа” гэж ярьжээ.

Ж.Жонс допингийн улмаас гурав дахиа шийтгүүлж, 15 сар тулалдах эрхээ хасуулсны дараа эргэн ирсэн юм. Гэхдээ Лас Вегаст тулалдахыг нь хориглосон тул А.Густаффсонтой Лос Анжелест нударга зөрүүлсэн билээ. Тэрбээр энэ тулаанд ялалт байгуулснаар холимог тулааны ертөнцөд 23 ялж, 1 хожигдсон үзүүлэлттэй болсон юм.

Хагас хүнд жингийн аваргын бүсийн төлөө тулалдах Энтони Смитийн хувьд өдгөө 30 настай. Холимог тулааны ертөнцөд 31 ялж, 13 ялагдсан үзүүлэлттэй. Одоогоор жиндээ гуравдугаарт бичигдэж байгаа юм.