Хабиб Нурмагомедов: 22 жилийн дараа “Макчикен”-тэй тулалдсан

1574

UFC-гийн аварга Хабиб Нурмагомедов Австралид хөгжөөн дэмжигчидтэйгээ уулзах үеэр Конор МакГрегорыг тахиатай зүйрлэв.

Холимог тулааны ертөнцөд өөрийн гэсэн байр суурьтай болсон эрхэм бол Хабиб Нурмагомедов. Тэрбээр Австралийн Мельбурн хотод хөгжөөн дэмжигчдийнхээ сонирхсон асуултад хариулт өгчээ. Энэ үеэр нэгэн хүү Хабибыг найман настай байхдаа баавгайтай барилдаж байсан талаар тодруулаад үүнээс хойш өөр амьтантай барилдаж байсан эсэхийг асуужээ. Харин дагестан эр өнөөх хүүгийн асуултад “Баавгайтай барилдсанас хойш 22 жилийн дараа би МакЧикен бургертэй тулалдсан юм байна” гэж хошигносон аж.

“Бүргэд” хочтой Хабиб өнгөрсөн оны дөрөвдүгээр сард UFC-гийн аварга болоод аравдугаар сард цолоо хамгаалах тулааныг өмнө нь энэ жинд аваргын бүс зүүж байсан Конор МакГрегортой хийж, дөрөвдүгээр үед ялсан билээ.

Сонирхуулахад, энэ тулааныхаа дараа үзэгчид рүү гарч зодоон хийсэн Хабиб тулаан хийх эрхээ нэг жилээр хасуулж магадгүй байдалд орсон гэнэ. Одоогоор Невадагийн тамирчдын комиссын хариуг хүлээж байгаа бололтой.

Хабиб энэ талаар “Энэ сарын 29-нд шүүх хуралд оролцоно. Таамаглаж байгаагаар бол 9-12 сарын хугацаанд тулаанд оролцохгүй байх. Хэрвээ урт хугацаагаар эрхээ хасуулвал дараагийн тулаанд хэнийг дуудахаа мэдэхгүй байна” гэсэн юм. Түүнчлэн “Мэргэлжлийн тулаанч хүн өөрийнхөө сэтгэл хөдлөлийг дарж байх ёстой. Гэхдээ өөр жинхэнэ тулаанчид хэвлэлээр ярих биш, дэвжээн дээр хүч чадлаа харуулдаг” гэж онцолсон юм.