Бокс: Н.Төгсцогт – К.Маррейрогийн хэвлэлийн бага хурал боллоо (фото)

2301

Энэ сарын 27-нд (Улаанбаатарын цагаар) АНУ-ын Нью-Йорк хотын Бруклин дүүрэгт мэргэжлийн боксын тулаан болно. Эл өдөр одоогоор эзэнгүй байгаа IBO холбооны аваргын бүсийн төлөө Н.Төгсцогт, Доминиканы боксчин Клаудио Маррейротой тулалдах юм.

Дунд жингийн дэлхийн аварга Кэйт Турман бэртлээ эдгээгээд эргэн ирж, олон жил аваргын бүсийн төлөө өрсөлдөж буй Жосесито Лопестой нударга зөрүүлнэ. Энэ бол Бруклинд болох гол тулаан. Гэхдээ монголчуудын хувьд Нью-Йоркийг зорих өөр шалтгаан бий. Лондоны олимпийн мөнгө, ДАШТ-ий дэд аварга Нямбаярын Төгсцогт, цагтаа мэргэжлийн боксын дэлхийн аварга цол эзэмшиж байсан Доминиканы Клаудио Маррейротой тулалдах билээ.

Клаудио Маррейро

Энэ тулааны өмнөх сүүлийн хэвлэлийн бага хурал өнөөдөр болсон юм. Хэвлэлийн бага хурлын үеэр К.Маррейро “Жингийнхээ шилдгүүд болох Лео Санта Крус, Гари Рассель нартай нударга зөрүүлэх эрх олж авахын тулд их шаргуу хөдөлмөрлөсөн.

Би өрсөлдөгчөө үргэлж хүндэлдэг. Гэхдээ түүнийг (Н.Төгсцогтыг хэлэв) намайг ялах хэмжээнд ирсэн гэдэгт итгэхгүй байна. Би өөрийгөө ялна гэдэгт итгэлтэй байгаа. Үүний төлөө өөрийгөө 100% дайчилж, бэлтгэлээ хийсэн” гэж ярьсан юм.

Н.Төгсцогт

Харин Н.Төгсцогт “Энэ бол миний удаан хүсч байсан тулаан. Мэргэжлийн боксчин болсноос хойш маш их туршлагатай болсон. Үүнийгээ бямба гаригт (Монголд ням гаригт) харуулах болно. Бэлтгэл маань жигдэрсэн, одоо зөвхөн тулаандаа анхаарч байгаа. Манай багийнхан маш сайн тактик бэлтгэсэн байгаа. Дасгалжуулагчийнхаа хэлснээр явбал ялна гэдгээ мэдэж байна” хэмээн ярьжээ.

Н.Төгсцогтын тулааныг үзэхээр АНУ-д амьдардаг 300 гаруй монголчууд тасалбар худалдаж авсан аж. Түүнчлэн Монголоос ч олон алдартнууд зорьж очсон сураг бий. Тодруулбал, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, олимпийн аварга боксчин Э.Бадар-Ууган тэргүүтэй урлаг, спортын алдартнууд эрх чөлөөний орныг зорьж, Н.Төгсцогтоо дэмжихээр төлөвлөжээ.