UFC 246: Конор МакГрегор түүх бүтээв

1399

Энэ тулаан ердөө 40 секунд үргэлжилж, Конор МакГрегор холимог тулааны ертөнцөд эргэн ирж байгаагаа зарлав. Эхний үед хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулгаж авснаар К.МакГрегор тулааны спортын замналдаа 22 дахь ялалтаа байгуулсан юм.

К.МакГрегор энэ удаад жин өгсөж, 70 кг-д тулалдсан. Ингэснээр тэрбээр UFC холбоонд гурван өөр жинд хүнд цохилтоор ялалт байгуулсан анхны тулаанч болсон аж. Өдгөө 31 настай анх 61.2 кг-д гараагаа эхэлсэн бол голлох амжилтаа хагас дунд жин буюу 66-70 кг-д гаргасан билээ. Харин энэ удаад 71-77 кг жинд Дональд Серронег хугацаанаасаа өмнө буулгаж авсан юм.

Конор МакГрегорын тулааны ард их хэмжээний мөнгө дагаж явдаг нь нууц биш. Ердөө 40 секунд үргэлжилж, хүнд цохилт амсаад Дональд Серроне ялагдсан хэдий ч ойролцоогоор хоёр сая ам.долларын хөлс авна. Холимог тулаанд 50 тулаан хийж, 36-д нь ялалт байгуулсан, үүнээс 23 удаа UFC холбоонд хожсон амжилтаараа бүх цаг үед хамгийн олон ялсан тулаанч гэгдэх Д.Серроне өмнө нь хэзээ ч ийм их хэмжээний мөнгө авч байгаагүй юм.

Түүнчлэн тулаан болсон Лас Вегасын “T-Mobile” ордонд бүх тасалбар зарагдаж, нийт 19,040 хүн К.МакГрегорын ялалтын амьд гэрч болжээ. Зөвхөн тасалбараас 11 сая “ногоон”-ы ашиг олсон гэдгээ UFC холбоо нийтэд зарласан. Энэ нь тус холбооны түүхэнд дөрөвдүгээрт бичигдэх хамгийн их хүн үзсэн тулаан болсон гэнэ.

Удаан хугацаанд тулалдаагүй К.МакГрегор энэ жил гурван тулаан хийх төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ эдгээр тулааны нэг нь боксын рингэн дээр өрнөж магадгүй аж. Гурван жилийн өмнө Флойд Мэйвэйдертэй тулалдаад 100 шахам сая ам.доллар “халаасалсан” тэрбээр энэ удаад Мэнни Пакьяотой нударга зөрүүлэхээр хэлэлцээр хийж байгаа сурагтай.

Үүнээс гадна Дональд Серронетой хийсэн тулааны дараа Флойд Мэйвэйдерийн хувийн цахим хуудсанд орсон зураг олны анхаарлыг татаж байна. Дээрх зураг үнэн бол энэ онд тэдний тулааныг дахин харах магадлал өндөр байх юм.