Жүдо: Парисын Их Дуулга оролцогчдынхоо тоогоор дээд амжилт тогтоов

847

Энэ жилийн анхны Их Дуулга тэмцээн 9 хоногийн дараа Францын нийслэл Парис хотод нээлтээ хийнэ.

2020 оны Токиогийн олимпын жил таарсан тул тус тэмцээнд олон шилдгүүд зодоглохоор бүртгүүлсэн юм. Тодруулбал, 122 орны 793 жүдоч оролцох төлөвтэй.

Өнгөрсөн онд гэхэд 97 орноос 570 жүдоч хүч сорьсон бол 2018 онд 71 орны 403 жүдочид цугларсан.

Тэгвэл өмнөх олимпын жилд буюу 2012 онд 584, 2016 онд 557 хүчтэн Парист зодоглож байв.

Тэдди Ринье

Олимпын хошой аварга, дэлхийн 10 алттай алдарт аварга Тэдди Ринье нутгийнхаа Их Дуулгад оролцохоор болсон нь үзэгчдийн тоог эрс нэмсэн аж. Одоогоор тэмцээний бүх тасалбар зарагдаж дууссан гэнэ.

Хоёр жилийн хугацаанд жүдогоос хөндийрсөн Тэдди өнгөрсөн оны сүүлээр эргэн ирж, хоёр тэмцээнд дараалан алтан медаль хүртсэн билээ. Тэрбээр сүүлийн 7 жил эх орондоо болсон Парисын Их Дуулгад оролцоогүй.